Шууд Chart

Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав

2022-07-26 20:34:30

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хуралдаанд “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” болон нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж  ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ. Энэ нь 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж ирсэнтэй  холбоотой юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад газрын харилцааны хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж, нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр барилгажсан талбай, нэмэгдэж, дэд бүтцийн нягтаршил үүсэж, төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага тулгарсан байна.

Тиймээс  “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан байна. Ингэхдээ  холбогдох хууль тогтоомжууд хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэгт нийцүүлсний дээр олон нийтийн оролцоог хангаж, холбогдох мэргэжилтнүүд болоод дүүргийн газрын албад, эрдэмтдэд танилцуулж, саналыг авсан гэдгийг төлөвлөгөө боловсруулсан багийнхан тодотгож байлаа.

“Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2022-2036 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хилийн заагийг тодотгоод зогсохгүй эдэлбэр газар, дэд бүтцийн зохион байгуулалт ойлгомжтой болж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт ч тодорхой болох юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын эдэлбэр газар дахь агаар, газар, хөрс, усны бохирдол, доройтлыг бууруулах инженерийн бэлтгэл хийх, шугам сүлжээ, байгууламж барих газрын байршил тодорхой болж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хориглолтын бүсийн хил заагийг тогтоож, тэмдэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөсөн байна.  Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг чамбайруулан нягтлахыг төлөвлөгөө боловсруулсан багийнханд үүрэг болголоо. Тус төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр хурлын тэмдэглэлд тусгалаа.


Шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулав  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй