Шууд Chart

Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна

2022-07-27 16:25:36

Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр хэлэхдээ:

 -Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, цэцэрлэгт хамран суралцах тойргоор суралцуулах, хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах үндсэн том ажлын бэлтгэлийг нийслэлийн хэмжээнд хийж байна. Өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын гадна фасад, дулаалгын ажилтай танилцлаа. Үндсэн хуульд заасны дагуу хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль бол 1200 хүүхэд суралцдаг том сургууль. Тус сургуулийг хичээл, сургууль амарсан үед дулаалга хийж, дээврийг бүрэн засварлаж, гадна өнгийг сэргээж байна. Мөн 24 дүгээр цэцэрлэгийг газрын гүний дулаанаар хангахаар төлөвлөж байна. Хотын зүгээс дүүргүүдийн алслагдсан цэцэрлэг, сургуулийн барилгын дулаан алдагдлыг багасгаж, жил бүр засварын ажлын тоог нэмэгдүүлж буй. Хүүхдүүд амарсан үеэр ажлаа амжуулах ёстой. Ихэнх засварын ажил 80-90 хувьтай үргэлжилж байна. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн алслагдсан цэцэрлэгүүдэд засвар хийж байгаа. Алслагдсан, төвийн дулаанд холбогдох боломжгүй, олон хүүхэд суралцдаг, олон жилийн насжилттай, зайлшгүй засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгийг сонгож, хэрэгцээгээр ангилсан. Нэн тэргүүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгт анхаарна. Мөн дулаан алдагдалтай угсармал орон сууцуудад дулаан алдагдал бууруулахаар засварын ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ.

“ХҮҮХДҮҮД МААНЬ АЯ ТУХТАЙ, ДУЛААН ОРЧИНД СУРАЛЦАХ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА”

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 83 дугаар цэцэрлэг 20 бүлэгтэй, 800 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 104 багш ажиллагсадтай нийслэлийн томоохон цэцэрлэгүүдийн нэг юм. Тус цэцэрлэгийн А байр  1979 онд ашиглалтад орсон бол Б байр буюу өргөтгөл нь 2017 онд ашиглалтад орсон байна. Цэцэрлэгийн 24 цагийн үйл ажиллагаатай Б байрыг газрын гүний дулаанаар халаах төсөл хэрэгжсэнээр 320 хүүхэд ая тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж буйд баяртай байна гэж 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ хэлж байлаа.

Харин 154 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Жимсээ:

-Манай цэцэрлэг 110 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч хүн амын нягтаршлаас хамаараад өнгөрсөн хичээлийн жилд 192 хүүхэд сурч хүмүүжсэн. Гэтэл манай хамран сургах тойрогт 170 орчим хүүхэд цэцэрлэггүй үлдээд байдаг. Тиймээс ирж буй хичээлийн жилд ч мөн 190 хүүхэд авахаар байгаа. Нэг ангид 40 хүүхэд хүмүүждэг. Манай цэцэрлэг 2016 оноос эхэлж сэрүүхэн өвөлжих болсон. Нийслэлийн Агаарын чанарын албанаас хэмжилт хийхэд дулааны алдагдал маш өндөр гарсан. Тиймээс нийслэл, дүүрэг гэхчлэн бүх шатны байгууллагад хандаж, энэ жилийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дулаалгын засвар хийж, хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье гэлээ.

ДУЛААНЫ АЛДАГДАЛ БУУРУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭНЭ

“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл нь 2012 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд 2020  оноос хоёрдугаар шат нь эхэлжээ. Эрчим хүчний хэмнэлт гаргах зорилго бүхий уг төслийн талаар төслийн зохицуулагч Н.Баяртогтох хэлэхдээ:

-Нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Тиймээс алдагдал бууруулж хэмнэлт гаргах зорилгоор манай төсөл хэрэгжиж байна. Бидний хүрч ирээд буй Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг л гэхэд  дулаан алдагдал ихтэй, өвлийн улиралд анги танхимын дулаан 10-12 хэмээс хэтэрдэггүй байх жишээтэй. Тиймээс дулаан алдагдлыг бууруулж хүүхэд багачуудыг ая тухтай орчинд хүмүүжүүлэхийн дээр эрчим хүчний хэмнэлт гаргах үүднээс уг цэцэрлэгийг төсөлд хамруулсан. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд есөн сургууль, цэцэрлэг манай төсөлд хамрагдаж байгаа. Мөн бид хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж байна. Эрчим хүчний хэмнэлт нь  зөвхөн тухайн байгууллага, айл өрхүүдэд гараад зогсохгүй төвийн системийн хэмжээнд хэмнэлт болж өгдгөөрөө онцлог.

-Төсөл нийслэлийн аль дүүрэгт хэрэгжиж байна вэ?

-Бараг бүх дүүрэгт нэг зэрэг хэрэгжиж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны дулаан алдагдлыг бууруулж буй бол Баянгол, Чингэлтэй, Налайх, Баянзүрх дүүргүүдэд сургууль цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах  ажлыг хийж байна. Сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө ажлаа бүрэн дуусгана гэсэн юм.

ЗАСВАРЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГДЭЖ БАЙНА

“Монгол түлш” ХХК-ийн төслийн инженер Б.Мөнх-Учрал

-Төвийн дулаан хангамжаас алслагдмал сургууль цэцэрлэгийг “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр газрын гүний дулаан ашиглан халаах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр уурын зуух ажиллуулж агаар, орчныг бохирдуулахгүйн дээр маш бага цахилгаанаар дулаан гаргадаг онцлогтой. Төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна.

“Идэр нумт” ХХК-ийн барилгын инженер Б.Лхагвадорж:

-Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн суурь болон гадна фасадны дулаалга хийхийн дээр цонх, дээврийн засвар, агааржуулалт хийсэн. Барилгын засвар 88.7 хувьтай байна. Наймдугаар сарын 10 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэлээ.


Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй