Шууд Chart

Автобусны бааз барих ажил удаашралтай байна

2022-07-29 18:13:32

Нийтийн тээврийн салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав.

Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Засаг даргын орлогчийн хувьд Эрээнд саатсан дээврийн материалыг оруулж ирэхэд тусалъя, харин бусад ажлаа яаравчлан хий гэсэн үүргийг өгсөн. Мөн нийтийн тээврийн салбараас орж ирэхгүй байгаа алдагдлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар "2018 онд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тусдаа байгууллага болсон. Өмнөх хотын удирдлагын үед буюу 2020 онд Циркийн урд байрлалтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулснаас үүдэлтэй манай байгууллага баазаа байрлуулах газаргүй болсон. Одоогоор Баруун салаанд өндөр өртөгтэйгөөр хувийн бааз түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт орчимд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын баазыг шинээр барих төсөл эхэлсэн. Гэвч цар тахлаас үүдэлтэй дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажил төдийлөн урагшлаагүй байна. 2022 онд анх удаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч зарим компаниудын идэвх оролцоо муу байна. Хэрэгжүүлэгч компаниуд цар тахалтай холбоотойгоор ачаа бараа орж ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан хэлж байгаа учраас нөхцөл байдал хүндрэлтэй байна. Нийт 23 тэрбум төгрөгийн төсөлд 11 компани шалгаруулсан. Энэ нь 150 машины багтаамжтай, оффис, бааз, гараашийг иж бүрэн шийдсэн төсөл юм. Нөгөөтээгүүр олон компани шалгаруулсны сул тал нь ажиглагдсан. Компаниудын онцлог олон янз байна. Зарим компани хэд хэдэн хилийн боомтоор бараагаа авч байгаа. Гэтэл чухал ажил гүйцэтгэж байгаа 1-2 компани хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж олон сарыг үдэж байна. Үүнийг бид шат шатны байгууллагад уламжилж байгаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 орчим хувь буюу үлдсэн 10 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотой төсөвт өөрчлөлт орох төлөвтэй байна" гэлээ.


Автобусны бааз барих ажил удаашралтай байна  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй