Шууд Chart

Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

2022-08-01 12:38:38

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэлтэй танилцлаа.

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг /төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400/-т 102314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж 34 485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290, нэмэлт элсэлтээр 8775, цомцог цэцэрлэгт 1300, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж.

Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа.


Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй