Шууд Chart

Ө.Цэнд-Аюуш: “Мэдэхгүй, чадахгүй гэж хэлэх эрхгүй мэргэжил шүү” гэж багш нар хэлсэн. Би ч “мэдэхгүй, чадахгүй” гэж хэлээгүй өнөөг хүрсэн

2022-08-02 15:08:06

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад

-Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Намайг “8855” цуврал ярилцлагадаа урьж оролцуулж буйд маш их баярлалаа. Би Дүрслэх урлагийн дунд сургуулийн тайзны зураг, чимэглэлийн ангийн анхны төгсөгчдийн нэг. Ардын зураач А.Гунгаасүх, Ардын зураач Д.Амгалан, Ардын зураач Ц.Доржпалам багш нараараа хичээл заалгаж, 1976 онд “Маш нууц” жүжгээр дипломоо хамгаалсан. Сургуулиа төгсөөд Хүүхэлдэйн театрт ажиллаж Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, жүжигчин А.Чойсон гуайгаас их зүйл сурсан даа. 1977 онд элсэлтийн шалгалт өгч Польш улсын Уран зураг, графикийн дээд сургуульд суралцаж байгаад 1982 онд тус улсад хөдөлгөөн гарсны улмаас ЗХУ-ын Санкт-Петербург хотын И.П.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн суурин графикчийн ангид шилжин сурч, 1986 онд “Мандухай хатан” сэдэвт төмөр бараар дипломоо онц хамгаалсан. Соёлын яамны шугамаар гадаадад сурсан учир Монголдоо ирээд багшлах томилолт авч Соёл, урлагийн дунд сургуульд хоёр жил багшилсан.

1988 онд Үндэсний радио, телевизийн Тайз, зураг чимэглэлийн алба уран бүтээлч авч байгааг мэдээд шалгуулах болов. Тухайн үед радио, телевиз маш өндөр босготой байсан. Компьютер байсангүй. Мэдээ, нэвтрүүлгүүдийн хооронд  гардаг заставка, титрийг гараар зурна. Би нэг сар хэрээтэй туршилтаар ажиллаж, шалгалт өгч тэнцээд 1988 оны зургаадугаар сарын 1-нд ажилд орсон.

ХИЙСЭН ТАЙЗ БОЛГОН МИНЬ ӨӨРИЙН ГЭСЭН ТҮҮХТЭЙ, ШИНЭЛЭГ БАЙДАГ

-Та нийт хэчнээн тайз бүтээсэн бэ. Таны бүтээсэн тайз юугаараа онцлог байдаг вэ?

-1988 оноос хойш Шинэ жил, Цагаан сар, Үндэсний их баяр наадмын гээд нийт 16 удаа “Баярын мишээл”, 23 удаа дуулалт жүжиг, 16-н зохиомж, хоёр хүүхэлдэйн жүжиг, хоёр кинонд ажиллажээ. Телевиз нийгэм, эдийн засаг, өглөө, үдшийн нэвтрүүлгийн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийн, хүүхдийн, соёл урлагийн, мэдээний гээд маш олон алба редакцтай. Тэр бүх л алба, редакцын нэвтрүүлгүүдийн тайзыг хийж байлаа. Мөн 1995-1996 онд Тайз зураг, чимэглэлийн албаны даргаар ажилласан.

Миний онцлог гэвэл би хийсэн тайзаа давтаж хийдэггүй. Хийсэн тайз болгон минь өөрийн гэсэн түүхтэй, шинэлэг байдаг. 2007 онд “Сүнжидмаа” дуулалт жүжиг дээр ажиллаж байхдаа “Студи-600”-д шургааган хашаа хийж байсан юм. Тухайн үед бүр том тайз засах юмсан гэсэн бодол төрсөн.

2012 онд найруулагч П.Баяраагийн (СТА)“Хүрээ хорвоо” дуулалт жүжгийн тайзыг хийхдээ өөрийн саналаа хэлж радио, телевизийнхээ дотор хашаанд гудамж, дааман хаалга, хашаа хороо, худалдаа наймааны зээлтэй нүсэр тайз хийж байлаа. Уран бүтээлч хүн дандаа л хийсэн ажлуудаа голдог байх. Би л лав 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй. “Хүрээ хорвоо”-гийн тайзыг хийж байхдаа морин тэрэг, морь авчирч өгөөч гэж гуйсан. Хэрвээ тэгсэн бол “Хүрээ хорвоо”-гийн тайз илүү амьд болох байсан. Даанч морь, морин тэрэг авчрах боломж олдоогүй.

Би 1995 оноос хойш 16-н “Баярын мишээл”-д ажиллажээ. 1995 онд УГЗ Б.Жаргал болон СТА П.Баяраа найруулагч надтай уулзаж ардын, сонгодог, орчин үеийн гэсэн гурван төрлийн урлагийн хэсэгтэй “Баярын мишээл” бэлтгэх гэж байгаа гэдгээ хэлсэн. Би дуу, үзүүлбэр болгонд залхуурахгүйгээр тайз хийсэн. Ер нь ч тэгдэг. Тэгж л байж миний санаа амардаг.

АКВАРИУМД ХӨӨС ҮҮСГЭЭД, ХӨӨСӨӨ ҮЛЭЭЛГЭЖ ХИЙСГЭЭД ЦАСТАЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВДАГ БАЙЛАА

-Үзэгчид хэдийн бэлэн болсон тайз хардаг болохоор тайз бүтэх үйл явцыг тэр бүр мэдэхгүй. Тайз хэрхэн бүтдэг бэ?

-Миний хувьд эхлээд бүтээлийн захиалгаа аваад айдаг. Хамгийн эхэнд нэвтрүүлэг, жүжиг гээд тухайн уран бүтээлийнхээ зохиолыг маш нарийн судалдаг. Зохиолоо уншчихаад эхэлж нүдэндээ харна. Яагаад гэвэл телевизийн зураачид өөр бусад тайзны зураачдаас юугаараа ялгаатай вэ гэхээр бидний нүд “камераар хардаг”. Төв болон дагалдах камерууд хаана байрлаж байна, уран бүтээлчдийн жижиг хэрэглэл ямар байх уу, уран бүтээлчид хаанаас хаашаа хэрхэн явахыг нь хүртэл төсөөлж боддог. Зураглаачид бол тайз бүтээгчдийн баруун гар. Тийм ч учраас би зураглаачидтайгаа маш ойр ажилладаг. Зураглаачид бэлэн болгочихсон тайзыг сайхнаар ч харагдуулж болно, муухайгаар ч харагдуулж болно. Гагцхүү үзэгчдэд яаж харуулахыг дурангийн авьяас л мэднэ. Зөвхөн тайз гэлтгүй нэвтрүүлэгт орж буй хүнд сорви, үрчлээ байж болно. Зураглаачид үрчлээ, сорвийг нь  далдалж гоё сайхан талаас нь авдаг.

Тиймээс зохиолоо уншчихаад найруулагчийнхаа санаа бодлыг асууж сонссоныхоо дараа тайзны эскизээ хийгээд зураглаачтайгаа уулзана. Зураглаачдаа өөрийн тайзаа, санаагаа хэлж өгнө. Гэрлээ яаж тавих талаар асууна. Надаас шалтгаалах нэмэлт ажиллагаануудаа тодорхой болгоно. Дараа нь найруулагч, зураглаачтайгаа гурвуулаа уулзаж, тогтсон эскизээ конструктор зураачдаа өгч хийлгэдэг байлаа. Захиалгаа мужаандаа өгч, бэлэн болохоор нь чимэглэлүүдээ нэмж хийнэ. Одоо бол бүгдийг зураач нар өөрсдөө хийж, тооцоо гаргана. Бараа материалаа судална, тооцоо санхүүгээ бодно, заримдаа өөрсдөө материал таталтандаа ч явна. Учир нь өөрсдөө л очиж авахгүй бол буруу материал ирчихвэл буцаалт хийх боломжгүй. Болохоор байсан ч цаг хугацаа алдана. Тайз хийхийн тулд хэдэн өдрөөр нойртой нойргүй, хоолтой хоолгүй ажилладаг. Бичлэг дуусахад л ядарснаа мэдэрдэг. Мөн бичлэг дуусах мөч хамгийн кайфтай, аз жаргалтай мөч байдаг.

Би одоо тэтгэвэртээ гарчихсан ч  “Хундаганы дуу” болон шинэ жилийн дуунууд сонсохоор шинэ жилийн “Баярын мишээл”-ийн тайз, Сар шинэ, Үндэсний их баяр наадмаар “Ум зандан ширээ” дууг сонсохоор л баярын нэвтрүүлгүүдийн тайз бодогдоод л ирдэг. Миний мэргэжлийн онцлог гэх юм уу даа.

-Техник технологи хөгжихийн хэрээрээ тайз бүтээгчдийн хөдөлмөрийг маш ихээр хөнгөвчилж байна. Тухайлбал, сүүлийн үед ихэнхдээ лед дэлгэц ашиглаж тайз засдаг болсон. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ

-Би сүүлийн үеийн техник технологийн дэвшилд маш их баяртай байдаг. Миний ажилласан бүтээлүүдэд хослол зураг / Computer-generated imagery (CGI) / их ордог байсан. Бид нарын үеийн зураачид, зурж сэтгэж чадаж байгаа ч техник сайн мэддэггүй. Орчин үеийн залуус техник технологийн мэдлэг маш сайн ч сэтгэлгээ нь жаахан дутуу байна уу даа гэж дотроо голдог. Сүүлийн үед зассан тайзнууд технологийн дэвшлийг ашигласныг нь хараад гайхаж биширдэг. Гэхдээ амьд бодит зүйл байх хэрэгтэй. Бүх зүйлийг дандаа техникт найдаж болохгүй. Жүжигт лед дэлгэц ашиглаад гоё тайз заслаа гэж бодоход камер ойртохоор дэлгэцийн барзгар хэсэг камерт бичигдэнэ шүү дээ. Тиймээс урд талын планд амьд тайз заслууд хийвэл арын лед дэлгэцтэй хосолж амьд харьцаа үүсдэг. Иймэрхүү шийдлүүд дутагдаад байгаа юм шиг санагддаг. Энийг би Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жаргал найруулагчаас сурч авсан. Маш олон найруулагчтай ажиллаж байлаа. Найруулагч болгоноос, зураглаач болгоноос шинэ юм сурсан. Мөн 1986 оноос хойш өдийг хүртэл үндсэн болон гэрээт, цагийн багшаар ажиллалаа. Одоо ч ажиллаад л явж байна. Шавь нараасаа ч суралцдаг. Тэдэнтэйгээ хамтраад уран бүтээл хийж байгаа.

-Таны ид ажиллаж байх үед шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл одооных шиг элбэг дэлбэг байсангүй. Ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?

-Бэрхшээл зөндөө байсан. Одоо титрийг компьютероор биччихдэг, сцен хоорондын хэсгийг монтажилж байна. Тэр үед титрийг гараар бичнэ. Нэг сценээс дараагийн сцен хооронд заавал заставки /телевизийн нэвтрүүлэг, жүжгийн сцен хооронд гардаг зураг/ барина. Тухайн үед одооных шиг өнгийн цаас, хуулга гэж байхгүй бид заставкийг будаж хийдэг байлаа. Будахдаа будсан гэж харагдахааргүй заводын юм шиг цэвэрхэн будна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Чойжамцын “Эрдмийн гайхамшиг” жүжгийг “Студи-600”-д анх удаа хамгийн том хослол зураг ашиглаж хийж байлаа.

Одоо бороо, цас оруулдаг, салхи гаргадаг хэрэгслүүд байдаг. Тухайн үед бол юу байхав дээ. Бид шампунийн хайрцгийг нүхлээд дээрээс шүршиж борооны хэсэг авдаг, аквариумд хөөс үрж бутаргаад, хөөсөө үлээлгэж хийсгээд цастай хэсгийн зураг авдаг байлаа. Одоо целлойдыг зориулалтын техникээр үсгийн хэлбэрээр зүсээд наачихаж байна. Миний үед тийм боломж байсангүй. Целлойдыг гар аргаар зүсэж хүүхдийн ёолкны тоглоомын гэрлээр чимэглээд зураг авалт хийж л байлаа. Одоо ингээд ярихад хүмүүст инээдтэй л санагдах байх. Тухайн үед одооных шиг техник байхгүй бүгдийг гар аргаар хийдэг байж. Юм хоёр талтай одоо үед бүх зүйл бэлэн цаг хожиж байгаа ч хүний сэтгэхүй хумигдаж байна. Дээр үед цаг алдаж байгаа боловч бүтээлч сэтгэлгээгээ ашиглаж гар аргаар бүгдийг хийдэг байж.

-Таны ажилласан хийсэн хамгийн хүнд бэрх тайз ямар тайз байв?

-“Шуранхай хамтлаг” оролцсон Цагаан сарын баярын нэвтрүүлгийн тайз хийж өгөөч гэж манай нэг найруулагч санал тавьсан юм. Би зохиолыг нь уншаад бараа, материалын зардалд 500 мянган төгрөг шаардлагатай юм байна гэсэн “за” гэснээ таг болчихсон. Чимээгүй болчихоор нь больж байгаа юм байна гэж бодтол гэнэт нэг өдөр 16:00 цагт туслах нь “Орой 20:00 цагт зураг авалт эхэлнэ, шөнөжин бичлэг явагдана. Та тайз хийгээд өгөөч” гэв. Би “Юу яриад байгаа юм бэ. Яасан ч амжихгүй, боломжгүй” гэхэд “Найруулагч ажлаар хөдөө явчихсан, одоо ирж байгаа. Таныг л чадна гэсэн. Танд сөгдөж, мөргөж гуйгаад ч хамаагүй зөвшөөрүүл гэж хэлсэн” гэлээ. Би албаны дарга руугаа ороод тайзны багийг хоногоор ажиллуулах зөвшөөрөл авч, даавуу олс гуйлаа. Дарга зөвшөөрсөн, гэхдээ таслахгүйгээр ашиглах тооцоотой даавуу л байгаа гэв. Би тэр баярын нэвтрүүлгийн дуу, үзүүлбэр болгон дээр тайзыг нь өөрчилсөн. Тайзны багтайгаа өглөөний 10:00 цаг хүртэл бүгд нүдээ цавчих ч завгүй ажилласан. Тэгсэн найруулагч “Оргүйгээс ийм гоё тайз бүтээж өгсөнд баярлалаа. Та бол тайзны бурхан юм байна” гээд бөөн хөөр. Би “ахиж ингэж хариуцлагагүй хандаж хүмүүсийг ядрааж болохгүй шүү” гэж захисан. Хэрвээ эртнээс бэлдсэн бол илүү гоё тайз хийж болох л байсан. Урах эрхгүй давуугаар тайз засна гэдэг чинь хэцүү шүү дээ. Ер нь бүх л тайзыг хийх гэж зовдог, маш их хүч зарцуулдаг, тархи толгойгоо ажиллуулдаг. Гэхдээ тэр удаад 16:00-20:00 цаг хүртэлх маш богинохон хугацаанд бэлтгэж, шөнөжингөө ажиллахдаа бүх хүч тэнхээ, тархин дотор юу л байсан тэр бүхнээ шавхсан, шөнөжингөө завгүй ажиллаж өглөөний 10:00 цаг болгосон. Эх хүн үр хүүхдээсээ хамгийн ядруугаа илүү их хайрлаж халамжилдаг гэдэг дээ. Тэрэн шиг би тайзнуудаасаа энэ тайзандаа хамгийн их хайртай. Намайг маш их зовоож, бүр оргүй хоосноос төрсөн тайз байгаа юм.

ХҮН НЭГ САЯ ТӨГРӨГТЭЙ БАЙЛАА Ч БУРУУ ЗАРЦУУЛБАЛ ХҮРЭХГҮЙ. ЗУУН МЯНГАН ТӨГРӨГТЭЙ БАЙЛАА Ч ЗӨВ ЗАРЦУУЛБАЛ ХҮРГЭЖ БОЛНО

-Аливаа бүтээлийн тайз, зураг чимэглэлийн баг хамт олон объект түрээслэх, хол газар очиж зураг авах замын зардал гээд уран бүтээлийн асар их зардлыг хэмнэж өгдөг гэж хардаг.

-Тийм ээ. Тухайлбал, макет хийх, хослол зураг (CGI) ашиглах зэргээр асар их зардал хэмнэж өгдөг. Сүүлийн үед кино, клипэнд хослол зураг (CGI) ашиглаж байна. Одоо телевизийн салбарт хослол зураг (CGI) ашиглах хэрэгтэй.

Надад мөнгө сонин биш. Мөнгө бол хэрэглээ. Хүн нэг сая төгрөгтэй байлаа ч буруу зарцуулбал сая төгрөг ч хүрэхгүй. Хүн зуун мянган төгрөгтэй байлаа зөв зарцуулбал зуун мянган төгрөгийг хүргэж болно. Ингэж боддог учир би өндөр цалин, их дүнтэй төсөв мөнгөний хойноос явж үзээгүй. Надад бүтээл л чухал.

-Таны хамгийн их тайз зассан объект хаана вэ. “Студи-600”-г зургаан мянга хувиргасан гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Юу юунд хувиргаж байв?

-“Студи-600”-даа хонож өнжөөд л ажилладаг байлаа. Гэр байшин, гудамж талбайгаас эхлүүлээд ер нь л болгоогүй юм байхгүй дээ. Япон, Чех, Хятадын хотыг ч хийж л байлаа.

-“Тайзны зураг, чимэглэл эмэгтэй хүнд ахадсан ажил” гэхийг нэг бус удаа сонсож байлаа. Та ажил мэргэжлийнхээ юунд татагддаг вэ?

-Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр гээд гурван театр нэг дор байрладаг байлаа. Миний том эгч Ө.Уранчимэг /Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарийн ээж/ театрт оёдолчин, нүүр хувиргагчаар насаараа ажилласан. Би жаахан хүүхэд эгчийгээ дагаж театрт очно. Тэгж л анх урлагт дурласан. Намайг зураач болгосон, Дүрслэх урлагийн сургууль гэж мэдэх ч үгүй явахад минь элсүүлэхээр дагуулж очсон том эгчдээ, тайзны мэргэжлийн ангид орохыг зөвлөсөн Д.Амгалан захиралдаа одоо ч талархаж явдаг.

Дүрслэх урлагийн сургуулийн театрын зураачийн ангид элссэний Ардын зураач А.Гунгаасүх, Ардын зураач Ц.Доржпалам багш нар “Тайз, дэлгэцийн зураач хүний амнаас чадахгүй, мэдэхгүй гэдэг үг хэзээ ч гарах ёсгүй. Та нар дархан, мужаан, оёдолчин, барималчин бүгдийг хийж чаддаг, хувцасны , түүхийн мэдлэгтэй мөн материал судлаач байх ёстой. Бүгдийг өөрсдөө хийж чаддаг, бүхнийг мэддэг байх ёстой” гэж сургасан. Жишээ нь түүхэн жүжиг хийхэд тайзны зураачид хувцасны эскизийг оёдолчинд гаргаж өгнө. Мужаанд тайзны ажлын зургийг зурж өгнө.  

Театрын, дэлгэцийн зураач чадахгүй, мэдэхгүй гэж хэлэх эрхгүй гэдэг энэ л зарчмаар өдийг хүртэл ажиллаж ирсэн дээ. Мужааны ажлаа ч хийнэ, туслахын ажлаа ч өөрсдөө хийх үе гарна. Гол нь уран бүтээл гэсэн ганцхан зорилготой ажилласан.

-Тайз хэр удаан настай байдаг вэ. Нэг л удаа ашиглагддаг уу?

-Тайз хадгалагдана. Миний 2007 онд “Сүнжидмаа” дуулалт жүжигт хийсэн шургааган хашаа, дааман хаалга намайг телевизээс 2013 онд тэтгэвэрт гарах хүртэл ашиглагдаад хэрэглэгдээд л явж байсан.

-Гавьяаны амралтандаа гарсан ч гэсэн та Тайз, зураг чимэглэлийн албандаа үргэлжлүүлэн ажилласаар л байсан юм билээ?

-Би 2011 онд радио, телевизээс тэтгэвэрт гараад тухайн үеийн Ерөнхий захиралд үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлээд 2013 оныг дуустал гэрээт ажилтнаар ажилласан, 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон авсан. Сүүлд 2017 онд ахмадуудаар уран бүтээл хийлгэхэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жаргал найруулагчтай “Нүгэл сүгэлсэн хайр” зохиомж, дуулалт жүжгийн мундаг эмэгтэй найруулагч П.Баяраатай Хотгойдын Чингүнжавын тухай “Ай Наанаа” жүжиг, Хүүхдийн редакцын Ж.Цэцэгээ найруулагчтай “Би монгол хүн” хүүхдийн концерт хийсэн. Тухайн үед зарласан уралдаанд “Ай Наанаа” түрүүлж, “Нүгэл сүгэлсэн хайр” хоёрдугаар байрт орж байлаа.

-Та тайзны зураач, багшаас гадна зураач уран бүтээлч. Хувийн уран бүтээлүүдийнхээ талаар цомхон ярьж өгөөч?

-1986 онд сургууль төгсөж ирснээсээ хойш дотоодын 30 орчим, гадаадын 10 гаруй үзэсгэлэнд оролцсон. 1995 онд “Хоёр ертөнц” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монгол зураг, уран зураг, баримал, телевизийн тайз, графикийн төрлийн гээд 135 бүтээл дэлгэж байлаа.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ө.Цэнд-Аюуш: “Мэдэхгүй, чадахгүй гэж хэлэх эрхгүй мэргэжил шүү” гэж багш нар хэлсэн. Би ч “мэдэхгүй, чадахгүй” гэж хэлээгүй өнөөг хүрсэн  
Үзсэн: 4035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй