Шууд Chart

Зах зээлийн алтан гурвалжингийн дундах хот

2022-08-19 10:01:08

Ингэхдээ “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, барилга барилгын материалын салбар, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөрөнгө оруулалт татаж, бизнесийн таатай орчин хэрхэн бүрдүүлэх талаар энэ долоо хоногт болсон “Хөтөл-2022” эдийн засгийн форумын үеэр ярилцсан юм.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын чухал хэсэг нь Хот хөдөөгийн сэргэлт буюу төвлөрлийг сааруулах явдал. Энэ бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөнд Хөтөл хотыг оруулж, Засгийн газар болон орон нутгаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр зах зээлийн алтан гурвалжин буюу Эрдэнэт-Дархан-Улаанбаатар хотын дунд байгаа Хөтөл хот хүн амын томоохон төвлөрөл бүхий хот болон хөгжих боломжтой гэж харж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь 10 мянган хүн амьтай аж үйлдвэр түшиглэн байгуулагдсан суурин. Авто зам, төмөр замаар нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг хүн амын төвлөрөл ихтэй хоттой холбогдсон нь аль ч салбарт бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Тиймээс газар зүй болон дэд бүтцийн давуу байдлаа ашиглан ойрын 5 жилийн хугацаанд 25-30 мянган хүн амтай хот болон хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа Сайхан сумын Засаг дарга бөгөөд Хөтөл хотын Захирагч Б.Мөнхболд ярьсан.

Тэрбээр Хөтөл хот 10 мянган хүн амтай хөдөлмөрийн  насны нийт хүнээс 800 гаруй нь Цемент шохой төрийн өмчид компанид ажиллаж байна. Тэдгээр иргэдийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж орон сууцаар хангах асуудлыг компанийн удирдлагуудтай ярьж тохирсон. Үүнээс гадна манай суманд УБТЗ-ын Төмөр бетонон дэрний үйлдвэр байдаг. Сүүлийн жилүүдэд явган хүний замын хавтан, блокийн хашаа, дулаалгатай блок зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрүүд бий болж байна. Цаашид шохой болон цементэд түшиглэсэн үйлдвэрлэл өргөжих боломжтой. Мөн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэх боломж нь манай нутагт дүүрэн байдаг. Гол нь хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Хөрөнгө оруулалт татахын тулд улсын төсөв болон бусад эх үүсвэрээр нийгэм эдийн засгийн ач холбогдолтой дэд бүтцүүдээ сайжруулах, өргөжүүлэх ажлууд бий. Энэ талаар аймгийн удирдлагуудаараа дамжуулан Засгийн газрын холбогдох яамдуудад хандаж байгаагаа хэлсэн.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-Д ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 160 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Хөтөл хот өргөжин тэлэх, өнгө нэмэх эсэх нь “Цемент шохой” төрийн өмчит компанийн үйл ажиллагаа үйлдвэрлэл ямар байхаас ихээхэн хамаарна. Тэгвэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх бараа бүтээгдэхүүнийхээ чанар хэмжээг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ.

“Цемент шохой” төрийн өмчит компанийн захирал Л.Наранбаатар “Манай үйлдвэрийн цемент үйлдвэрлэх өнөөдрийн хүчин чадал нь жилд 400 мянган тонн. Бид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, 1986 оноос хойш ашиглаагүй байгаа нэг тээрмийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр жилд тогтмол 700 мянган тонн цемент үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Мөн шохойн үйлдвэрийн гол хэсэг болсон зуухыг ашиглалтад орсон цагаас нь хойш өнөөдрийг хүртэл 40 орчим жил солиогүй. Энэ нь утаа их гаргадаг байгаль орчин ээлгүй технологи. Тиймээс бид шохойн үйлдвэрийн зуухыг шинэчлэх ажлыг хийнэ. Ингэснээр шохойгоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэхээс гадна түүхий эдийн ашиглалт дээшлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг эерэг үзүүлэлтүүд гарна. Өөрөөр хэлбэл, 40 жилийн өмнөх технологийг орчин үеийн технологиор солих ажлыг хийнэ. Мөн Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр төрийн мэдэлд шилжсэнээр уурхайн олборлолт үйлдвэрлэлээ өөрсдөө хариуцаж байгаа. Саяхан өөрийн ашгаасаа шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авсан.

Энэ үйлдвэрийг 2015 онд бүрэн шинэчилсэн юм шиг зарим хүн ойлгодог. 2011-2015 оны хооронд чулуунцрын хоёр үйлдвэрийг Хятадын хөрөнгө оруулалтаар барьсан. Харин цемент болон шохойны үйлдвэрүүд 1980-аад оны техник технологиороо л ажиллаж байна. Үүнийг шинэчлэхэд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна. Хөрөнгө оруулагчидтайгаа ерөнхийдөө тохирсон. Хөрөнгө оруулалтын зардлаа 2-3 жилийн хугацаанд нөхөх боломжтой” гэж ярьсан.

ХӨТӨЛЧҮҮД ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ ЗАМТАЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Хөтөл хотын хөгжлийн хурдасгах бас нэг чухал ажил нь Төв аймгийн Сүмбэр сумаас Хөтөл хүртэл 60 гаруй км замыг хатуу хучилттай авто зам болгох явдал. Энэ саналыг Сайхан сумын удирдлагууд, “Цемент шохой” ТӨХК-ийн зүгээс гаргаад байна. Ингэснээр нийслэл Улаанбаатар ордог замаа 100 км-ээр дөтлөх боломжтой. Энэ замыг бетонон хучилтаар хийж болно. Холбогдох байгууллагууд уг замын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан нөхцөлд үйлдвэрийн зүгээс замын стандартад нийцсэн сайн чанарыг цементээр хангах боломжтойг Л.Наранбаатар захирал хэлж байсан юм.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Зах зээлийн алтан гурвалжингийн дундах хот  
Үзсэн: 1779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй