Шууд Chart

Д.Алтанцэцэг: Цаг хугацаатай тэр дундаа секунд, дойлтой “уралддаг” байлаа

2022-08-26 10:40:36

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ.

-Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Баярлалаа. Би Нийслэлийн ерөнхий боловсролын 24 сургуулийг төгсөөд 1975 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны нэр дээр ЗХУ-ын Дон мөрний Ростов хотын Киноны сургуульд киноны тоног төхөөрөмжийн техникч мэргэжлээр сурсан. Тухайн үед Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны нэр дээр сурахаар 30 орчим оюутан ЗХУ-руу явсан. Надтай нийлээд хоёр монгол элсэгч Ростов хотын Киноны сургуульд элссэн юм.  Биднийг элсэхэд тэнд гурван монгол оюутан сурдаг байсан. Бадамхорлоо, Оюунсүрэн, Монголын радиогийн Алтанцэцэг гээд манай сургуулийн тухайн үеийн таван төгсөгч Мэдээлэл, радио, телевизийн улсын хороондоо ажилласан.

Би 1979 онд төгсөж ирээд телевиздээ ажилд орж 2015 он хүртэл тэтгэвэрт гаран гартлаа эфирийн албанд л ажилласан даа.

-Телевизийн салбарын техник технологи өнөөгийн хөгжил дэвшилтэй золгохын өмнө техникчид маш хүнд хүчир ажлуудыг нугалдаг байсан юм билээ.

-Би анх Кино проекцион тасагт орж арав орчим жил ажилласан. Кино проекцион 35 мм, 16 мм-ийн хальснаас уран сайхны болон баримтат, хүүхэлдэйн кино гаргадаг байлаа. Мөн мэдээ мэдээллийн хөтөлбөрүүд Кино проекционоос эфирт цацагддаг байсан. Уран сайхны кинонуудыг 35 мм-ийн хальсаар авдаг, өргөн нь бүр 70 мм хальс байсан.  Намайг анх ажилд ороход Кино проекцион КТП-7 гэсэн 35 мм хальсны хоёр том аппарат болон 16 мм хальсны аппараттай байлаа. Намхайдорж инженер, Цэцэгээ эгч, Оюун эгч гээд мундагчуул ажилладаг байсан.

Тухайн үед телевизийн эфир орой 18:00 цагт эхэлдэг байлаа шүү дээ. Зураглаач нар бичлэг хийсэн дуу, дүрсний хальснуудаа Кино проекционд өгнө. Тухайн үед гэрэл зургийн хальс угаадаг шиг мөн дүрсний хальсыг угаадаг байсан юм. Телекино гэж 16 мм, 35 мм хальс угаадаг үйлдвэр байлаа. Телекино үйлдвэрт бүх хальсаа угаагаад, монтажны ширээнд дүрснүүдийн хальсыг хооронд нь холбодог байсан.

Мөн синхрон монтаж хийнэ, дуу дүрс тааруулна гэж хэцүү ажил байсан юм. Техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй үед дуу, дүрсийг хоёр тусдаа хальсанд бичдэг байлаа. Дуу дүрсний хальс тус тусдаа, дууны оператор, дүрсний оператор гэж тусдаа байлаа. Зөвхөн дүрстэй, зөвхөн аудиотой хоёр хальсыг эвлүүлж дүрсэн дээрх хүний амны хөдөлгөөнд тааруулж дууг нь “наах”-ыг синхрон монтаж гээд байгаа юм.

ЭФИР БОЛ ХАМГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ “ХАЛУУН ЦЭГ”

Би 1986 оноос ВМЗ / Видеомагнитофон запись / дүрс бичлэгийн аппаратан дээр монтаж, үргэлжлүүлэн эфирт ажилласан. ВМЗ студи дэх бичлэг буюу нэвтрүүлэг, теле жүжиг зэргийн бичлэгийг хийнэ. Гэхдээ Уран сайхны зөвлөл үзэж байж баталсан тохиолдолд эфирээр гарна. Нэвтрүүлгийг нэг сарын өмнө бэлэн болгосон байх ёстой гэсэн шаардлага тавигддаг байсан үе. Бүх уран бүтээлч, ажилтнаас тогтмол шалгалт авна. Шаардлага томтой, байнга шалгалт авдаг ч гэлээ байгууллагаас ажилтан, уран бүтээлчдэдээ их анхаардаг спортын тэмцээн бусад уралдаан тогтмол зохион байгуулдаг байсан.

1990-ээд оноос тэтгэвэрт гарах хүртлээ буюу 2015 он хүртэл би төв эфирт ажилласан. Одоо бүх юм хялбар сайхан болсон доо. 1990-ээд онд нийгэм зах зээлд шилжээд зурагтын эфирээр гарах рекламын тоо ихэссэн. Нэг өдрийн эфир урт 30 хальстай байхад эфирээр гарах рекламууд олон жижиг жижиг хальстай. Хальсны тоо цөөн байх тусам эфирийн найруулагч, инженер, техникчийн ажлын ачаалал бага байна. Олон хальстай өдөр бол “жонглёр” хийж байгаа юм шиг л хальснуудаа сольдог байлаа. Төв эфирт ажиллаж байхад анхаарлаа сарниулж хэрхэвч болохгүй. Мөн маш хурдтай ажиллах хэрэгтэй. Нэг дамарт 10 минутын бичлэг хийдэг гэхээр нэг бүрэн хэмжээний уран сайхны кино дунджаар 10 дамар хальстай. Эфирээр кино гарч байх үед нэг дамраас нөгөө дамар руу гар аргаар шилжүүлдэг байсан. Намайг эфирт ажиллаж байхад телевизийн техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан учраас үнэндээ “чанга” байж. Одоо бол амар болсон. Хамгийн сүүлд телевиз тоон системд шилжихэд миний мэргэжил хэрэгцээгүй болсон доо. Одоо бол телевизийн эфир хуучных шиг том аппарат хэрэгсэл дээр ажиллаж, хальс солино гэсэн ойлголт байхгүй, компьютерын программ дээр өрчихдөг их амар болсон.

-Таны ажлын нэг өдөр хэзээ эхэлж, хэрхэн өнгөрдөг байв?

-Манай гэр ажилтай ойрхон байдаг 05:00 цаг гэж ажлын унаа ирж авдаг, би 04:00 цаг гэхэд босчихсон байдаг байсан. Төв эфирт эфирийн найруулагч, инженер, техникч хамт ажилладаг. Гурван ээлж өдөр өдрөөр ээлжилж ажиллана.

Өглөө эрт ирээд аппарат, техник хэрэгслээ шалгана, тестэлнэ. Аппаратаа асаахаар маш чимээтэй болчихно.  Эфирийн хальсыг эфир эхлэхээс дуусах хүртэл минут, секунд, дойлоор нь өрж, бэлдэж тавина. Ажил руугаа ирсэн бол өрөөнөөсөө гарна гэж байхгүй. Телевизийн мэдээ мэдээллийн хөтөлбөр 2-3 цагийн зайтай гарна. Өрөөнөөсөө гарахгүй болохоор ажлынхаа зарим хүнийг таних ч үгүй байх тохиолдол бий.

Орой телевизийн эфир хэдэн цагт дуусна тэр хүртэл ажиллана. Орой эфир дуусахад бүх аппарат төхөөрөмжөө унтраахад тэр чигтээ нам гүм болчихно. Тэгэхэд л түгшүүр арилж санаа амарч тайвширдаг даа.

-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байв?

-Эфир бол хамгийн хариуцлагатай “халуун цэг”. Маш өндөр хариуцлага хүлээдэг болохоор эфиртэй байхад тайван суух үе ховор байдаг байлаа. Ер нь амралт, амарна гэж гэж мэдэхгүй л ажилласан. Ажил, тэр дундаа эфир хоёр дахь гэр минь байлаа. Эфирт ажиллана гэхээр хүмүүс айдаг, сандардаг. Нэвтрүүлгүүдийг хөтөлбөрийн дагуу цаг алдахгүй явуулахын тулд цаг, минут, секунд, дойлтой уралдана. Цаг хугацаатай уралдаж секунд, дойлын ч алдаа гаргахгүй байх ёстой. Аппарат техник бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хэрэгтэй, хэрэв гэмтэл гарсан тохиолдолд даруй цаг алдалгүй олж, засна гээд эфирт бараак, “нүх” гаргахгүйн тулд бүх л өдөржин санаа зовж суудаг ажил алба даа.

Мөн Үндэсний баяр бүх нийтийн амралтын өдөр ээлж таарсан бол амрах эрх байхгүй. Өвдөх ч эрх байхгүй.

-Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Хамгийн дурсамжтай нь ямар үйл явдал байв?

-Сандлаасаа босохгүй аппаратынхаа ард бүх л өдөржин суух тохиолдол олон байсан. Шууд мэдээ гэнэт орж ирнэ.

Монгол хүн сансарт нисэхэд би Кино проекционд ажиллаж байсан. Бүгдээрээ л өдөр, шөнөгүй ажилласан. Тухайн үед 16 мм-ийн хальснууд Москвагаас ирж байсан юм.

Мөн ВМЗ-д ажиллаж байхад томоохон үйл явдал, жүжиг, тоглолтын бичлэг хийгдэх үед өрөөнд ч багтахгүй их хальстай, тэр бүхнийг “боловсруулах” үе ч байсан.

-Та амьдралынхаа 35 жилийг айл бүрийн хойморт залардаг цэнхэр дэлгэцийн “гал”-ыг манаж өнгөрүүлжээ. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Баярлалаа. Намайг тэтгэвэрт гарахад байгууллагаас маань “Та нэг албандаа хамгийн олон жил ажилласан хүн болж байна” гэж хэлж байсан юм. Нээрээ л би эфирийн албанд яг 35 жил ажиллажээ. Сайхан хамт олонтойгоо 35 он жилийн түүхийг өнгөрүүлсэндээ, Монгол Улсын мэдээний цөм болсон оройн мэдээллийн хөтөлбөрийг, “Цагийн хүрд”-ийг үзэгчдэд хүргэхэд нь 35 жил хамт дамжуулж байсан зэрэг олон зүйлээр бахархдаг.

Энэ хугацаанд Монголоороо аялж үзэх ч боломж гараагүй юм байна лээ. Тэтгэвэрт гарсан жилээсээ ууланд алхалт, хийн дасгал, аэробикээр хичээллэж байна. Мөн Монголоороо аялж байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Алтанцэцэг: Цаг хугацаатай тэр дундаа секунд, дойлтой “уралддаг” байлаа  
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй