Шууд Chart

Хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг виртуал хөрөнгө болгон мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

2025-10-21 17:47:25

Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53713 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.Дээрх хугацаанд 1464 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 506 хэрэг нээж, 194 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын гэмт хэрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- О.Ж нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа барилга байгууламжийг ашиглалт оруулах комисст хүлээлгэх өгөх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компанийн удирдлагуудаас 156 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бусдад хахууль өгсөн иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа дуудлага худалдааны анхны үнэ болох төлбөл зохих 84.5 сая төгрөгийг 2 сая 95 мянга 500 төгрөг гэж газрын төлбөрийн нэхэмжлэх бичиж, зориуд дутуу төлүүлэн, газар эзэмших эрхийг хамаарал бүхий иргэнд шилжүүлж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар, түүнд хахууль өгсөн Г.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Т.Д нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1.000.000 (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,844,577,032.72 төгрөг) ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.И нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас карго илгээмжээр дамжуулан Монгол улсын хил нэвтрүүлж, хүлээн авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг виртуал хөрөнгө болгон мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй