Шууд Chart

Даваа давах ёстой даваагаа давсаар л...

2022-08-31 13:28:10

Даваа анх 2013 онд Монгол Улсын нэрийн өмнөөс хилийн дээс алхаж, Зүүн Азийн АШТ-д оролцож байлаа. Үүний дараа 2015, 2017 оны Зүүн Азийн АШТ-д оролцохдоо дараалан 4 дүгээр байр эзэлсэн. Тэр үед хэдийн шигшээ багийнхаа гол довтлогчдын нэг болоод байв. Улмаар 2018 онд Азийн наадам болон Азийн “Challenge Cup” тэмцээнд Монголын багийг ахлан оролцсон юм. Цөөнгүй даваа давжээ.

Клубүүдийн олон улсын тэмцээнүүд ч цөөнгүй бий. Одоогийн шигшээ багт өдий тооны тэмцээнд орсон тамирчин байхгүй.

2018 оны 9 дүгээр сард болсон “Challenge cup” тэмцээнээс хойш Монголын баг ямар нэг тэмцээнд орж чадалгүй дөрвөн жил өнгөрчээ. Оргил үедээ явж байсан тамирчдын хувьд үүн шиг харамсалтай, хохиролтой зүйл гэж байхгүй. Бүхэл бүтэн нэг олимпын мөчлөг. Сэтгэл санааны хувьд бас л хүнд даваа...

Гэсэн ч тамирчин хүний чухал зан чанарыг харуулж, Даваа итгэл найдвараа алдалгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр байв. Бүх л тэмцээн уралдаанд үнэн хүчээрээ тоглож, формоо барьсаар л байсан юм. Давах ёстой даваагаа давсаар л өнөөг хүрсэн. Тиймдээ ч бэртлээс хол байж чаддаг тамирчин гэж боддог. Энэ хугацаанд “Дээд лиг”-т 2019 онд түрүүлэхийн зэрэгцээ MVP болж, 2021 онд мөнгөн медаль хүртэв (2020 онд өнжсөн).

Өдгөө тэрбээр шигшээ багаа ахлан Киргиз улсад болж буй “Challenge Cup” тэмцээнд оролцож байна. Өнгөрсөн 2 удаагийн “Дээд лиг”-ийн тэмцээнээр хүч түрэн гарч ирсэн шинэ үеийн залуустай өрсөлдөн шигшээ багт сонгогдоно гэдэг нь том даваа байлаа. Тодруулбал, долоон тоглогч анх удаа шигшээ багт тоглож байгаагийн зургаа нь довтлогч. Эндээс довтлогчийн байрлалд энэ олон жил өндөр түвшинд байх нь өөрөө том тодотгол гэдгийг харж болно. Одоогийн шигшээ багт байгаа довтлогчид түүнээс дунджаар 7.6 насаар дүү (4-11 нас дүү) байна гээд бодоход л ойлгомжтой биз. Ийм л мундаг залуу манай багийг ахалж байна.

Хамгийн гол нь дараа үе, залуучууддаа үг үйлдэл бүгдээрээ үлгэрлэн манлайлдаг багийн лидер. Энэ удаагийн тэмцээнд ч бүгдийг бүрэн ухамсарлаж залуустаа гараанд тоглох боломжийг нь олгож байна. Дүү нартаа заавар зөвлөгөөгөө харамгүй өгч, дэмжиж түлхсээр яваа. Буйр нь хаачих вэ. Туршлага нь хаачих вэ. Хүний ухамсар, хүний хүндлэл, дэмжлэг гэдэг сайхан даа!

"Даваа ахыгаа давж гарч ирж байгаа дүү нар минь одоо өөрсдийн даваагаа давах цаг нь ирсэн байна шүү!" гэдгийг ч тэр үйлдлээрээ илэрхийлж байна. Энэ бол

Хожлын төлөө хамтдаа!

3-2-1 Монгол!!!

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Даваа давах ёстой даваагаа давсаар л...  
Үзсэн: 4082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй