Шууд Chart

С.Бумдай: Тэтгэвэрт гарахдаа хамт олныхоо дэргэд уйлаагүй ч яг ажлынхаа хаалгаар гарахад хоёр нүднээс нулимс урсаад байсан

2022-09-01 08:25:48

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад

ГАДААД МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ ӨРӨӨГ БИД “АМЕРИКИЙН АНТЕН” ГЭЖ НЭРЛЭДЭГ БАЙСАН

-Юун түрүүнд танд есдүгээр сарын 1-нд /өнөөдөр/ тохиож буй Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88 болон энэ сард болох Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би 1967 онд Төмөр замын техникумыг радио техникч мэргэжлээр төгсөөд Говь-Алтай аймгийн одоогийн Мэдээлэл, холбооны сүлжээний газар нэг жил орчим ажиллаад 1968 онд Монголын радиод эфирийн оператор буюу техникчээр ажилд орсон. Монголын радио орос, англи, франц зэрэг маш олон хэлээр нэвтрүүлэг бэлтгэж цацдаг. Би эхлээд эфирт ажиллаж байгаад Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн албанд оператораар ажилласан.

Дараа нь 1972 оноос Үндэсний телевизийн ВМЗ / Видеомагнитофон запись / дүрс бичлэгийн аппаратан дээр техникчээр ажилласан юм.  Нэвтрүүлгийн бичлэг, эвлүүлэг, эфирт мөн дүрс бичлэгийн техникч, телевизийн хяналтын техникчээр ажиллаж байгаад одоогийн “Монголын мэдээ” суваг 1997 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж мэдээ, мэдээллийн төрөлжсөн “Монголын мэдээ” агентлаг болоход Гадаад мэдээний редакцад ажиллаж эхэлсэн. Гадаад мэдээний редакцын техникч, орчуулагч нарын суудаг Гадаад мэдээ хүлээн авах өрөөг тухайн үед бид “Америкийн антен” гэж нэрлэдэг байсан юм. Учир нь Гадаад мэдээ хүлээн авах өрөө Англи, Америк, Франц, Герман, Япон, Хятад зэрэг орноос гадаад нэвтрүүлэг хүлээн авч, бичлэг хийдэг, орчуулагч нар монгол хэл рүү хөрвүүлж эфир рүү явуулдаг юм. Би 2004 он хүртэл “Америкийн антен”-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байв?

-Би 21 настай Монголын радиодоо ажилд оржээ. Нас залуу байсан болохоор зовлон, бэрхшээл гэж байгаагүй дээ. Хүний хамгийн сайхан үе залуу нас. Залуу нас гэдэг ядардаггүй, дуусашгүй эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой байдаг үе. Мөн манай ажил минь маш сонирхолтой. Дэлхий дахинд болж буй үйл явдлуудын гадаад мэдээг хамгийн түрүүнд хүлээж авна. Тухайн үед дүрстэй радио гэж байхгүй шүү дээ. Харин би Монголын радиогийн гадаад мэдээний нэвтрүүлэгчдийн дуу хоолой, орчуулагчдын хэлний мэдлэг, ур чадварыг дэргэдээс нь харж, мэдрэх үнэхээрийн сайхан байсан.

“Монголын мэдээ” агентлагтаа ажиллахдаа ч олон улсад болж буй үйл явдлыг хамгийн шуурхай мэднэ. Гадаад мэдээний албанд, редакцад ажиллахын онцлог нь, хамгийн сайхан нь дэлхий дахинд болсон хамгийн сонирхолтой үйл явдлыг хамгийн түрүүнд нүдээрээ харж, чихээрээ сонсдог.

МИША БААВГАЙН ХОЁР НҮДНЭЭС НУЛИМС УРСААД, АГААРТ ХӨӨРСӨН ҮЙЛ ЯВДАЛ МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ҮЛДСЭН

-Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Хамгийн дурсамжтай нь ямар үйл явдал байв?

-Телевизийн мундаг сэтгүүлч, редактор Батын Доржийн “Одонгоо зүүцгээе”, найруулагч Бадрахын “Бүсгүйчүүд” гэж их гоё, сайхан нэвтрүүлэг байлаа. Мөн гаанстай л явж байдаг Банзрагч гуай гэж их мундаг редактор, Санжмятав найруулагч зэрэг мундаг уран бүтээлчидтэй хамт ажиллаж дээрх болон бусад нэвтрүүлэг, том баяр ёслолын ойн арга хэмжээ, концертууд дээр ажиллаж байлаа. Олон гоё сайхан дурсамж бий. Тэр бүхнээс хамгийн дурсамжтай нь 1980 онд Москва хотод болсон зуны олимпын наадам. 1980 оны зуны олимпын наадмын үеэр Монголд болон Москва хотод уран бүтээлчдийн групп ажиллаж, мэдээ нэвтрүүлэг бэлтгэж, дамжуулсан. Монгол дахь уран бүтээлчдийн группт телевизээс Жаргал даргаар ахлуулсан Бадрах найруулагч, Гүррагчаа инженер тэргүүтэй уран бүтээлч ажилласан. Би Монгол дахь группт техникчээр ажилласан юм. Сүүлд олимп дамжуулсан уран бүтээлчдийн нэрс гарахад миний нэр дунд нь байгааг харсан хүмүүс “Чи Москва руу зуны олимпын наадам руу явсан юм уу” гээд асуудаг байж билээ /инээв/. 1980 оны Москвагийн зуны олимпын наадмын хаалтын ажиллагааны үеэр “Москва-1980” олимпын бэлгэ тэмдэг Миша баавгайн хоёр нүднээс нь нулимс урсаад, агаарт хөөрсөн яг тэр үйл явдал миний сэтгэл зүрхэнд шингээд үлдчихсэн. Одоо ч мартдаггүй юм.

Гадаад мэдээний найруулагч, редакторууд “Олон улсад ямар үйл явдал болов” гээд л “Америкийн антен”-руу гүйгээд ороод ирнэ. Миний ажилласан он жилүүдэд дэлхий дахинд зөндөө л үйл явдал боллоо шүү дээ. Румын улсын Ерөнхийлөгч Николае Чаушеску буудуулсан зэрэг дэлхий дахиныг донсолгосон зөндөө л үйл явдал болжээ.

Мөн “Америкийн антен”-д дэлхий дахины болон олон улсын спортын том тэмцээн уралдаануудын бичлэгийг шөнө хийгээд дараа өдөр нь эфирээр цацна. Тэр бүх уралдаан, тэмцээнүүдийн үеэр спортын сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Баярсайхан болон Д.Батжаргал, Г.Отгонжаргал нартай ажилласан. Японы мэргэжлийн сүмо бөхийн барилдааныг Монголд анх “Америкийн антен”-аас дамжуулдаг байлаа. Мөн Японы NHK, Германы DW, АНУ-ын “Worldnet” зэрэг гадаадын телевизийн нэвтрүүлгүүдийг “Америкийн антен”-аасаа дамжуулж байсан.

-Таны ажлын нэг өдөр хэзээ эхэлж, хэрхэн өнгөрдөг байв?

-Өглөө 09:00 цагаас ажил эхэлнэ. Гэхдээ нэлээн эрт ирчихдэг байсан. Телевизийн техникчид том дамартай нүсэр аппаратууд дээр ажиллана. Аппаратын дуу бичлэг бичдэг хэсэгт нь жаахан л тоос орчихсон, хялгас наалдчихсан бол техникийн шаардлага хангахгүй. Тиймээс өглөө эрт ирээд аппарат тоног төхөөрөмжийнхөө тоос шороог нь цэвэрлэж, бүрэн бүтэн байдлыг шалгана, хангана. Тухайн үед телевизийн эфир орой эхэлдэг байсан. Телевизийн аппарат цөөхөн учир уран бүтээлчид оочирлож өдөржин бичлэг, эвлүүлэг хийнэ. Эфир анх 23:00 цагт дуусдаг байж байгаад сүүлд 24:00 цагт дуусдаг болсон. Бид эфир дуустал л ажиллана. Эфирээ дуусгаад орой бөөндөө ажлын автобусаар харьдаг, 01:00-02:00 цагийн үед л гэртээ ордог байсан даа. Нөгөө ээлжийн хүн ч мөн маргааш нь өглөөнөөс шөнө эфир дуустал ажиллаад шөнийн 01:00-02:00 цагт гэртээ орно. Тиймээс би ээлжтэй өдрөө заавал байж байх ёстой.

МИНИЙ ААВ НАДАД ГҮМҮДА ГЭЖ БУРХАНЫ ЦЭЦГИЙН НЭР ӨГСӨН ЮМ БИЛЭЭ

-Телевизийн салбарын техник технологи өнөөгийн хөгжил дэвшилтэй золгохын өмнө хэр хүнд хэцүү байсан бэ?

-Анхны техник тоног төхөөрөмжүүд одоогийнхтой харьцуулахад болхи, ажиллахад маш хүнд байсан. Телевизийн шинэ техник технологи нэвтрэх тусам илүү амар хялбар болж ирсэн.

-Та тэтгэвэрт гараад ажлаа санадаг байв уу?

-Тэтгэвэрт гардаг өдөр “Сайхан хамт олноо орхиод яаж явнаа” л гэж бодогдоод байсан. Намайг үдэж гаргаж өгөхөд нь хамт олныхоо нүдэн дээр уйлаагүй ч гэсэн яг ажлынхаа хаалгаар гарахад хоёр нүднээс нулимс урсаад уйлаад гарсан даа. Жил гаруй хугацаанд ажлынхнаа маш их санадаг байсан.

Радио, телевизэд ажиллаж байхдаа гэр бүлдээ хандуулдаг анхаарал халамж хомс байж ээ. Одоо бол тэтгэвэртээ гараад сайхан байна аа. Гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ гадаадын улсаар, эх орноороо аялж зугаалаад сайхан байна.

ХҮЙСИЙН ГОВИОС МОНГОЛЫН РАДИО, ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗИЙН ГАДААД МЭДЭЭНИЙ АЛБА, РЕДАКЦАД ОРЖ АЖИЛЛААД ХҮЖ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОГДСОН ХҮН ДЭЭ БИ

-Таны нэр маш өвөрмөц. Нэрийг тань хэн өгсөн бэ?

-Миний аав надад Гүмүда гэж бурханы цэцгийн нэр өгсөн юм билээ. Гэрийнхэн маань, хүмүүс ч хэлж чадахгүй янз бүрээр хэлсээр байгаад одоогийн энэ нэрэн дээрээ тогтчихсон гэсэн. Тэрнээс миний аав надад их гоё утгатай нэр өгсөн юм билээ. Аав минь намайг хоёр настай байхад 32 настайдаа бурхан болсон гэсэн. Миний аав надад их гоё хувь заяа, хувь тавилан үлдээгээд явсан юм байна гэж боддог доо эгч нь. Ийм гоё ажилд орсон, сайхан хань ижилтэй учирсан, сайхан үр хүүхдүүдтэй болсон.

Аав, ээж минь малчин хүмүүс. Би айлын бага дээрээ нэг ах, нэг эгчтэй. Би Хүйсийн говийн хүүхэд байгаа юм. Хүйсийн говиос Монголын радио, Үндэсний телевизийн Гадаад мэдээний алба, редакцад орж ажиллаад хүж дэлхийтэй холбогдсон хүн дээ би.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Би өндөр босготой ийм сайхан албан газрын босгыг даваад орж ирсэн дээ их баярладаг. Мөн би Монголын үндэсний олон нийтийн радиод ч, Монголын үндэсний олон нийтийн телевизэд ч ажиллаж байсан хувь заяандаа баярлаж явдаг. МҮОНР-ийн 88, МҮОНТ-ийн 55 жилийн ойг тохиолдуулан хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өмнөх үеийн ахмадуудаа залгамжлаад өнөөдөр ажиллаж буй уран бүтээлчдэдээ мөн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өөдрөг сайхан сэтгэлээр ажил, уран бүтээлээ урам зоригтой хийгээд баяр баясгалантай, аз жаргалтай байхад ажил үйлс нь аяндаа дэлгэрээд улам л гоё сайхан болно. Бидний ярилцлагыг уншиж буй хүн бүрт эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Бумдай: Тэтгэвэрт гарахдаа хамт олныхоо дэргэд уйлаагүй ч яг ажлынхаа хаалгаар гарахад хоёр нүднээс нулимс урсаад байсан  
Үзсэн: 5303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй