Шууд Chart

Монголын О.Чойжилсүрэн гэж хэн бэ?

2022-09-05 10:44:34

Энэ жилийн

Манай багийн 14 тоглогчоос 2021 оны “Дээд лиг”-т оролцоогүй цорын ГАНЦ тамирчин байсан нь О.Чойжилсүрэн. Лигийн аварга “Ноён” багаас 3, мөнгөн медальт “Мегастарс” багаас 3, хүрэл медальт “Эрчим” багт тоглож байсан 4, “Алтайн Барс” багаас 2, “Хос Бар” багаас 1 тоглогч Монгол Улсын багт байв. Монголын баг хаагчийн байрлалд 3 тоглогч сонгоход амаргүй байсан нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн лигт хаагч нараас хамгийн өндөр үзүүлэлттэй байсан Ж.Батжаргал (Мегастарс), аварга болсон “Ноён” багийн шилдэг хаагч Б.Ууганцэрэн нарын урдуур орж Чойжоо шигшээд дуудагдсан. Тиймээс ч онцолж харах гол хүн байв.

Эхний тоглолтын өмнө гарааны бүрэлдэхүүн зарлахад “О.Чойжилсүрэн гэж хэн бэ?” гэсэн асуулт олон ирж байсан. Хариултыг нь тэр саяын 5 тоглолтод хангалттай өглөө. Бүгдэд нь гараанд гарч, гол нь ТОГТВОРТОЙ сайн тоглолоо.

Манай багийн ХАМГИЙН ӨНДӨР нь О.Чойжилсүрэн (200 см) байлаа. Анзаарсан бол ихэнх тоглолтод Э.Алтангэрэл давуулж байх үед манайх дараалсан оноонуудыг авч байсан. Энэ нь мэдээж Э.Алтангэрэлийн алдаагүй нягт давуулалтаас гадна Чойжоо урд ашигтай тоглож байгаатай холбоотой. Хаагчийн үүрэг бөмбөгийг хааж унагаснаар л 100 хувь үнэлэгддэг юм биш.

Шугамаа хааж арын бүсийн тоглогчдынхоо хамгаалах орон зайг багасгах, өндөр хаалтаар дарамт үзүүлж эсрэг багийн довтолгооны алдааг нэмэх, довтлогчдыг <<шатааж>>, сэтгэл зүйд нөлөөлөх гээд олон ажил бий. Нэмээд мэдээж хаалтаа удирдах, хааж оноо авах, багаа сэргээх, бөмбөгийг хөөж хаан хүрээд хүчийг нь сулруулах гээд голлох үүргүүд нь багтана. Манай залуу хаагч энэ зэрэг хийх ёстой ажлуудаа онц сайн гүйцэтгэлээ. Нэг тоглолтод 6 оноо дунджилсан байна. Манай багийн тоглолтууд цөөн ээлжид шийдэгдэж байсан учраас хаагчийн хувьд энэ хангалттай үзүүлэлт.  

Волейболын спортод хаагчийн байрлалын тоглогчид хамгийн их ачаалал авдаг. Олон улсын тэмцээнд хамгаа шавхах тул бүр ч илүү ачаалалтай байх нь мэдээж. Гэсэн ч Чойжоо бэлтгэл сайтай, тэсвэртэй, өндөр ачаалал даах чадвартай тамирчин гэдгээ харуулж зургаан өдөрт таван тоглолтыг эрчээ алдалгүй, амжилттай давсан. Орон гаран тоглолт харагдсангүй.

Гэснээс О.Чойжилсүрэн гэж нээрэн хэн юм бэ? Юм учиртай, мод мөчиртэйн адил тэр нэг өглөө ийм болоод босоод ирсэнгүй. 2019 оны лигт "Тэнүүн Огоо" багаас тоглож байлаа. Гэхдээ тоглох баг, өөрийнх нь тоглолт гээд нэг л учраа олохгүй яваад байгаа харагддаг байсан юм.  

22 настай энэ залуу 2022 онд “Аврагч” багийн хамтаар “В лиг”-т мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль хүртэж, шилдэг хаагчаар шалгарсан. Энэ тэмцээнүүд болон бэлтгэлээс өөрийнхөө ур чадварыг маш ХУРДТАЙ хөгжүүлж чадсан. Үүнд мэдээж Монголын шилдэг холбогчдын нэг А.Очгэрэл мастер хамгийн гол нөлөөтэй. “Аврагч” багийн довтолгооны багагүй ачааг түүнд үүрүүлж, өдрөөс өдөрт тоглолтыг нь өндийлгөж, үүргийг нь нэмэгдүүлж, хаалт, довтолгооны давуу талуудыг нээн гаргаж, алдаа дутагдлуудыг нь ч зассан юм. Үүний нөлөөнд Чойжоогийн өөртөө итгэх итгэл ч гоё болжээ. Зоригтой, итгэлтэй байх чанар нь хаагч нар шиг <<тулаанд ордог>> байрлалын тоглогчдод маш чухал зэвсэг. Ийн сурсан зүйлсийнхээ шалгалтыг Чойжоо сая өгч, дүнгээ ч тавиулж байна.

Хүн зөв газар, зөв хамтрагч, зөв багаа олж, нөгөө талаас өөрөө хичээж, хөдөлмөрлөж чадвал ХӨГЖИЛ гэдэг цаг хугацааны л асуудал болдгийн тод жишээ байлаа. Бүр томьёог нь бичээд баталчихлаа. Түүний үе үеийн багш нар болон "Аврагч" багийн хамт олон, багийн ахлагч, ОУХМ Э.Батхүү, А.Очгэрэл нартаа шигшээ багийн дэмжигчдийнхээ өмнөөс талархлаа.

Эцэст нь хэлэхэд өсөж хөгжих маш их нөөц боломжтой, ямар сайн хаагчтай болсноо шигшээ багийн дэмжигчид мэдлээ, мэдэрлээ, мэлэрлээ. Илүү хичээгээрэй залуу минь! Галт тэргэндээ юутай ч суугаад авлаа. Хөдлөөд ч эхэллээ. Харин хэр хол явахыг хичээл зүтгэл, ухаан билиг чинь мэдэх билээ!

This is just The Start.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Монголын О.Чойжилсүрэн гэж хэн бэ?  
Үзсэн: 5825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй