Шууд Chart

Б.Энхболд: Ганцхан агуу найруулагч, ганц агуу редактор байгаад туслахгүй бол хэцүү

2022-09-07 11:48:02

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би 1986 онд Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсөж, цэргийн алба хаагаад 1988 онд МҮОНРТ-ийн Шинэ төв ашиглалтад орох үед  тайз засагчаар ажилд орж байлаа. Анх Телекино үйлдвэрийн кино заал /одоогийн UBS телевизийн байр/-нд сонгон шалгаруулалтад одоогийнхоор ажлын ярилцлагад орж байв. Дараа жилээс нь буюу 1989 оноос Мэдээллийн ерөнхий редакцад туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн дээ.

Тухайн үед пультэн дээр суудаг ассент найруулагч /асс.найруулагч/ болно гэдэг хамгийн том шалгууртай байлаа. Би ассент найруулагч болж пультэн дээр суух эрх авахын тулд гурван жил дараалан шалгалт өгсөн. Телевизээс Цэдэвсүрэн гуай, Золоо ах /Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргал/, Будын Жаргал найруулагч тэргүүтэй хүмүүс шалгалт авна. Радио, телевиз олон төрлийн шалгалт авдаг өндөр босготой. Пульт 168 даруултай, тэр бүгдийг цээжилж байж ассент найруулагч болох эрх авдаг байсан юм. Одоо бол компьютер дээр ажиллаад дүрсээ сонгочихно. Тухайн үед бол ийм амар байсангүй. Тухайн үеийн ассент найруулагчийг одоогийнхоор бол шууд нэвтрүүлгийн эвлүүлгийн найруулагч гэх нь зөв юм уу даа. Би гурван жил унасны ард шалгалтандаа тэнцэж ассент найруулагч болох эрхээ авч байв. Тэр үе бол бага залуу насны минь сайхан дурсамж юм даа.

Тэр үед оройн мэдээ “Цаг үе үйл явдал” нэртэй байсан. Оройн мэдээг 1991 оны зургаадугаар сараас “Цагийн хүрд” хэмээн нэрийг нь сольж байсан.

-“Цаг үе, үйл явдал” мэдээллийн хөтөлбөр “Цагийн хүрд” болсон түүхийг ярьж өгөөч?

-1990 оноос цаг үе ч, асуудал ч өөр болсон. Манай Мэдээллийн ерөнхий редакц дотроо уралдаан зарласан. Тэр уралдаанаас “Цагийн хүрд” гэдэг нэр шалгарч байсан юм. Бурханы шашинд цагийн хүрд гэдэг үг зогсошгүй, мөнхийн эргэлт гэсэн агуулгатай юм билээ. Монголын мэдээлэл дэлхий дахинд түгнэ, тарна гэдэг агуулгыг бодож, энэ нэрийг өгсөн юм билээ. Манай ахмадууд агуу сэтгэсэн байгаа биз.

“ЦАГИЙН ХҮРД”-ИЙН ХҮРД

-Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Ямар үйл явдлууд таны санаанаас гардаггүй вэ?

-2008 оны долдугаар сарын 1-нд айхтар үймээн самуун болсон шүү дээ. Тэгэхэд “Монголын мэдээ” агентлаг үнэхээрийн шаргуу ажилласан. Онц байдал зарлаж бусад телевиз, хэвлэл мэдээллийг зогсоож, зөвхөн манай телевиз, радио ажиллахад долоон хоног 24 цагаар ажил үүргээ гүйцэтгэсэн. Би зургаадугаар сарын 27-нд гэрээсээ гараад долдугаар сарын 7-нд гэртээ орж байлаа.

Манай телевиз “УАЗ Фургон” автомашиныг жижиг станц болгоод “тоноглочихсон” байсан. Ерөнхий инженер нь Өлзийцэцэг эгч байсан юм. Манай станц сонгуулийн штабууд дээр очиж шууд дамжуулалт хийж байлаа. Тухайн үеийн МАХН-ын Төв байрны гадаа үймээн самуун болоход манай жижиг станц яг тэнд байсан. Тэр үеийн нөхцөл байдал одоо ч нүдэнд харагдаж байна. Яаж тийм зоригтой байсан юм бол доо, тэгж чулуу нүүлгэж байхад нь дөрвөн зураглаачаа зурганд гаргачихаж байсан. Би өөрөө бол жижиг станц дотроо пультэн дээр сууж байгаа шүү дээ. МАХН-аас 14:00 цагт мэдээлэл хийнэ гэж мэдэгдэж байсан. Тэрнээс хойш 17:00 цаг хүртэл тэнд ажилласан. Тэр үеэр манай нэг зураглаачийн мөн Энхжаргал гэж туслахын маань хөлийг гэмтээсэн.

Өөр нэг санаанаас гардаггүй зүйл нь манай ММ агентлаг 1998 билүү 1999 онд хамгийн анх удаа гурван цэгээс “Парламентын хэлэлцүүлэг” гэж нэвтрүүлэг шууд дамжуулж байлаа. Хуулийн хэлэлцүүлгийн хугацаанд УИХ-ын гишүүдийг “Студи-600”-д урьж авчираад, Баянзүрх дүүрэгт байдаг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас орон нутгийн иргэд холбогдоод, нийслэлийн гудамж талбайгаас иргэдийн санал, асуултыг сонссон том хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Жишээ нь, гудамж талбайд явж байгаа болон орон нутгийн иргэд “Студи-600”-д байгаа УИХ-ын гишүүдээс асуулт асуугаад, гишүүд шууд хариулт өгсөн. Цэрмаа, Бүүмэд найруулагч, би, Бөхөөнөө, Ундраа гээд үндсэндээ манай ММ-ийн асс, туслах, найруулагч арван хэдэн уран бүтээлч байдаг. Бид бүтэн цагийн эфирийг Монголд анх удаа гурван цэгээс дамжуулсан.

-Таны ажлын нэг өдөр хэзээ эхэлж, хэрхэн өнгөрдөг байв?

-Бид нарт үндсэндээ цагийн хуваарь гэж байдаггүй шүү дээ. Өглөө 08:00 цаг гэж ажилдаа ирж байгаа юм. Орой гэртээ 24:00-01:00 цаг гэж л орно шүү дээ. Үйл явдал хэзээ ч зогсдоггүй, байнга л өрнөж байдаг. Мөн төлөвлөж болдоггүй эд.

Би 1988 оноос хойш телевиздээ ажиллаж байна. Мөн манай их сургуулийн ангийнхнаас гэхэд МҮОНТ-ийн захирал Насанбатын Байгал, “MNB Спорт” сувгийн Лодойн Дуламсүрэн, “Монголын мэдээ” сувгийн Баашаагийн Баатархүү, МҮОНР-ийн Ерөнхий найруулагч Дашцэрэнгийн Ханьсаг, МҮОНР-ийн найруулагч Энэбишийн Мөнгөнхүү МҮОНРТ-дээ ажиллаж байна.

Би ажиллах хугацаандаа бүх нийтээрээ тэмдэглэдэг баяруудыг “үнэрлээд” өнгөрсөн. Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Шинэ жилийн баярыг тэмдэглэж үзээгүй дээ. Яагаад гэхээр бүх л баяраар ажилтай, ажлаа л хийдэг. Жил болгон л он солигдох мөчтэй л уралдаж гэртээ гүйж орно. Гэхдээ энэ нь жаргал байсан. Яагаад гэхээр ажлаа дуусгачихаад гэртээ орох мөч гоё шүү дээ. Би ээлжийн амралтаа аваад хамгийн удаандаа 7, 14 хоног л амарч үзсэн. Тэгээд л дуудагдана шүү дээ.

-Та долоо хоногийн хэдэн өдөр ажилладаг байсан бэ?

-Найман хоногт нь. Яагаад гэхээр үйл явдал ажлын цагт захирагдахгүй шүү дээ. Заримдаа олон хоногоор ч хонож ажиллана. 2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд нисэх онгоц барьцаалж, Дэлхийн худалдааны төвийн 110 давхар хос цамхгийг мөргөхөд би “Монголын мэдээ” агентлагийн мэдээний найруулагч байсан юм. “Цагийн хүрд” дуусаад гэртээ харьчихсан байж байтал талийгаач Мөнхцэрэн захирал залгаад Америкт тухайн үйл явдал болсныг хэлсэн. Тухайн үед АНУ-д өглөө болж байхад, Монголд шөнө болчихсон байдаг. Бүгд буцаад л ажил дээрээ цугларч үйл явдлын мэдээ мэдээлэл, тоймыг шөнө нь нэгтгээд өглөөнөөс нь эхлээд мэдээлсэн.

-“Цагийн хүрд” Монголын хамгийн их үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр. “Цагийн хүрд” хөтөлбөрийн болон таны ажлын ноу-хаугаас хуваалцаж болох уу?

-Нэгдүгээрт, Хүн хүндээ итгэх итгэл. Ямар ч том их, дээд сургууль төгссөн болон боловсролын өндөр зэрэг авсан хамаарахгүйгээр ММ-д ажилд орсон хүн ажлыг доороос нь, мэдээ яаж бэлдэхээс эхэлдэг. Тэгж бэлтгэгддэг. Хоёрдугаарт, Ганцхан “Монголын мэдээ” суваг найруулагч, асс.найруулагч, туслах найруулагчтай. Бусад телевизэд найруулагч нь ассент аа, туслахаа хийж байна. Ганцхан агуу найруулагч, ганц агуу редактор байгаад туслахгүй бол хэцүү. Найруулагч ганцаараа шийдвэр гаргадаггүй. Ассент, туслахтайгаа зөвлөлдөж олон тархи ажиллах хэрэгтэй байдаг. Олон улсын том телевизүүдэд найруулагч, асс.найруулагч, туслах найруулагч бүгдээрээ байгаа. Кинон дээр хүртэл Ерөнхий найруулагч, найруулагч, туслах найруулагч гэж байдаг биз дээ.

Хүмүүс туслах найруулагч цаас зөөдөг, титр бичдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл хамгийн чухал ажлыг буюу шав, суурийг нь хийж байдаг. Ассент найруулагч бол найруулагч, туслах, редактор бүгдийг холбох гол гүүр нь. Харин найруулагч нэвтрүүлэгч, оператор, гэрэлтүүлэгч, техникч, редактор, асс, туслах бүгдийг нь нэгтгэж “Цагийн хүрд” бүрддэг. Энэ бүх уран бүтээлч, ажилтны хөдөлмөрөөр шуурхай, үнэн зөв мэдээллийг үзэгчдэд хүргэдэг.

МАНАЙ ХУУЧЧУУЛ ГЭЖ АГУУ АМЬТАД БАЙСАН

-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байв?

-Ажил минь тэр чигтээ жаргал шүү дээ. Би бол жаргал л гэж боддог. Байгууллагынхаа хаалгаар ороод ирэхэд л хамт олны уур амьсгал гээд бүх л юм дотно сайхан байдаг. “Цагийн хүрд” эхлэхээс өмнө ялангуяа 17:00-20:00 цагийн үед бичил “дайн” болно шүү дээ. “Цагийн хүрд” дууслаа бие биедээ баяр хүргээд л урмын сайхан үгээ хэлнэ.

Би эрүүл мэндийн шалтгаанаар “Монголын мэдээ” сувгаас “MNB Спорт” суваг руу шилжээд гурван жил болж байна. Одоо эфирийн найруулагчаар ажиллаж байна. Хавдар тусаад, хавдраа авахуулаад одоо хамт олныхоо хүчинд л ажлаа хийгээд явж байна даа.

30 гаруй жил ажиллахад цаг хугацаагаар нь тооцвол хорин жил нь энэ радио, телевизийн байшиндаа өнгөрчээ. Худал ч хүнд хоёр хүүхдээ яаж өсөж том болж буйг ч анзаараагүй л ажилласан даа.

-Таны хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн үү. Хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлье гэж бодож байсан уу?

-Тийм бодол байсан. Том хүү минь найруулагч болох сонирхолтой байсан, би дэмжээгүй. Би хүүхдүүдээ өсөхөд нь сайн анхаарал халамж хандуулж чадаагүй учраас ач нараа тэгж өсөх болов уу гэж бодоод дэмжээгүй юм. Телевизийн ажил цаг нар байхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь дотор нь ажиллаж байгаа хүмүүстээ гоё энерги өгдөг байгууллага.

Манай аав Г.Бизъяа МОНЦАМЭ агентлаг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх ерөнхий газрын харьяа байхад орчуулагчаар ажиллаж байсан. Ингээд бодохоор би Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх ерөнхий газар одоогийн МҮОНРТ-д ажиллаж байгаа хоёр дахь үеийн хүн болж таарч байгаа юм. Харин манай ээж Д.Догсмаа оёдолчин, нэхмэлчин хүн. Хивсний үйлдвэрийн “В.И.Ленин Д.Сүхбаатар нарын уулзалт” том хэмжээний хивсний зээгт наамлыг хийж байлаа. Энэ хивс В.Т.Лениний музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй юм.

Гэр бүлийн минь хүнийг Цэцэгмаа гэдэг. Бид хоёр эндээс телевизээс л гэр бүл болж байлаа шүү дээ. Би туслах найруулагч байхдаа эхнэртэйгээ танилцаж байсан. Манай том хүү аав, ээжийнхээ ажил дээр л бараг өссөн дөө.

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Манай хууччуул гэж агуу амьтад байсан. Тэднээсээ би дурдахгүй өнгөрч болохгүй олон хүн бий. Тухайлбал, Америк станцын “Американ” /техникч Ганхуяг/ Гадаад мэдээний редакцын бүх тоног төхөөрөмжийг угсарсан. Гадаадаас ирж байгаа дүрс, дууны сигналыг хүлээн авдаг, Японы мэргэжлийн сүмо бөхийн барилдаан, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг байсан. Хань нь Отгонцэцэг гэж инженер байсан. Энэ хоёроор дамжаагүй гадаад мэдээ, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, сүмогийн барилдаан гэж байхгүй. Мөн “Болжуух” /Сэтгүүлч, редактор Энхбаяр/ байна. Хүний төлөө төрсөн хүн. Радио, телевизийн 700 орчим уран бүтээлч, ажилтны 500 нь гэр хороололд амьдардаг байхад өвөл болгон тэр бүх хүний нүүрс, түлээг нь бэлдэж өгдөг байлаа. Бид бүгд хочтой байлаа. Ахынх нь хоч “Михайл”.

-Та яагаад ийм хочтой болсон юм бэ?

-“Михайлд нэг бодол бий” гэж мэдэх үү.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Энхболд: Ганцхан агуу найруулагч, ганц агуу редактор байгаад туслахгүй бол хэцүү  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй