Шууд Chart

ДХИС-ийн бакалаврын элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 6-нд эхэлнэ

2021-03-23 15:25:56

Энэ талаар тус сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын  ахлах мэргэжилтэн, ахмад З.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Ирэх хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлийн талаар товч  мэдээлэл өгөөч?

-Бакалаврын элсэлтийн цахим бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 30-ны хооронд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудсаар зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын суурь хичээлийн шалгалтын босго онооны хувьд хөтөлбөрөөсөө шалтгаалан 500-600-гийн хооронд байна. Учир нь элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр босго оноотой. Харин нэмэлт хичээлийн шалгалтын хувьд элсэгч өөрөө нэг хичээлээ сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтаар 480 буюу түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай.

Их сургуулийн 2021-2022 оны бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг www.uia.gov.mn цахим хуудас, “Дотоод хэргийн их сургууль” фэйсбүүк хуудсанд байршуулсан.

-Бусад их, дээд сургуулиас ДХИС-д шилжин суралцах боломжтой юу?

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Дотоод хэргийн их сургуулийн дүрмийн 41 дүгээр зүйлд заасны дагуу бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн бакалаврын сургалтад гадаад, дотоодын бусад их, дээд сургуулиас оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглодог учраас манай их сургуульд шилжин суралцах хөдөлгөөн хаалттай гэж ойлгож болно. Суралцагчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой аливаа асуудлыг Дотоод хэргийн их сургуулийн дүрэм, түүнийг дагаж гарсан Суралцагчийн шилжилт, хөдөлгөөний журмаар тус тус зохицуулж байгаа.

-Дотооддоо буюу бүрэлдэхүүн сургууль хооронд шилжин суралцах боломжтой юу. Жишээлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас Цагдаагийн сургуулиас руу гэх мэтчилэн их сургууль дотроо шилжин сурч болдог уу?

-Манай сургуулийн суралцагч дотроо буюу хөтөлбөр хооронд шилжин суралцах боломж байхгүй. Учир нь сонгон судлах хичээлийн чиглэл, мэргэжлийн онцлогоос хамаарч, Дотоод хэргийн их сургуульд хэрэгжиж буй бакалаврын сургалтын хөтөлбөрүүд өөр хоорондоо харилцан адилгүй байдаг.  Жишээлбэл, Хилийн албаны сургууль 1 дүгээр дамжаандаа харуулын даргын чиглэлээр хичээл судалж, дадлага хийнэ. Цагдаагийн сургууль цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны чиглэлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Хорих ангийн харуул хамгаалалтын чиглэлээр, Онцгой байдлын сургууль гал унтраах ангийн чиглэлээр хичээлүүд сонгон судалж, дадлага хийдэг.

Тиймээс Дотоод хэргийн их сургууль нь дотооддоо буюу хөтөлбөр хооронд шилжин суралцах боломжгүй.  Иймээс манай сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа иргэдэд тухайн мэргэжлийнхээ талаар сайтар судалж, эхнээсээ сонголтоо зөв хийхийг зөвлөдөг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ДХИС-ийн бакалаврын элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 6-нд эхэлнэ  
Үзсэн: 4124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй