Шууд Chart

Өөртөө нээсэн зам

2022-09-14 09:20:36

Намар эхийн халуун шаргал энгэрт хотын гудамж нозооронгуй. Уулс бодлогоширч, улиасны навчис буцах цагийн дуу аялж, урт холын аяндаа шувууд зэхээд завгүй. Ийм үеэр уулын жимээр алхаж яваа хүмүүс цөөнгүй. Тэдний нэг Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Дэрэмтэй ойн цоорхойд тухалж сэтгэл дэлгэн ярилцав. 

-Алхах дуртай юмаа даа, энүүндээ дурлаад удаж байна уу?

-Жил гаруй болж байна. Энэ бага хугацаа шиг санагдаж магадгүй. Гэхдээ миний хувьд өөрийгөө өөрчилсөн маш том орон зай. Жилийн өмнө цусны даралт ихэсдэг, эм байнга уудаг, чих шуугиж толгой эргэн, дагз хөшиж, хоол ундандаа ч төдийлөн санаа тавьдаггүй тийм хүн байлаа. Эмч намайг хөдөлгөөнтэй бай, давс халуун ногоо бага хэрэглэ, 140/90 байгаа даралтаа байнга хянахыг зөвлөсөн. Гэсэн ч амьдралын минь өдрүүд байдгаараа, жин нэмээд, өвдгөөр өвддөг болов. Ингээд би өөртөө асуулт тавьж, хариуг нь олохын тулд энэ өөрчлөлтийн хаалгаар зоригтой алхаж орохыг өөртөө амласан. Тэмдэглэлийн дэвтэртээ тод өнгөөр бичсэн тэр өдрийг би чинад сэтгэлдээ хайрлан бодож, талархаж явдаг юм. Зориглож эхэлсэн тэр л мөчөөс эхлэн өдөр бүр алхаж, ууланд аялж, улирал харгалзалгүй гудамжаар зугаалдаг боллоо. Сарын дараа бие хөнгөрч, жин багаар хасагдсаныг анзаараад бүр урам орлоо. 2 сарын дараа даралт хэлбэлзэхээ больж хэвийн хэмжээнд 110/80 байдаг боллоо. Би өрхийн эмнэлэг биш, алтрах ой, хөдөө буйдын намуухан орчил, сэтгэл далласан ууланд очдог болсон. Долоо хоногтоо нэг уулаад гарна, өглөө гудамжаар алхаж, дэлгүүр, айл, ажил бүтээх газраа явган туулдаг нь зуршил болсон доо. Давс багатай хоол цай хийж, гэрийнхнийгээ энүүндээ дасгасан. Намайг дагаад хүүхдүүд, ач зээ нар алхаж зугаалах дуртай болсон. Хоёр өвдөг дээрээ явах болон нурууны дасгалаас аваад хөнгөн ачаалалтай дасгалыг өдөр бүр хийгээд хэдийнээ заншчихжээ. Хэр хэмжээний мах иднэ, яг тэр хэрээр нарийн ногоо хольж идэх болсноор цус шингэн, бие жавхаалаг, царай гэрэлтээд цаанаа л нэг сайхан болоод ирдэг юм билээ. Одоо энэ уулын өөд жавхалзаад л гарна шүү дээ.

-Эмээ уухаа больсон уу?

-Юу ярина вэ, бүр мартсан. Өмнө нь даралтны эмэнд зориулдаг байсан мөнгөө хуримтлалд хийдэг болсон. Энэ бол миний гэр бүлээрээ зундаа очих шинэ аяллын хөрөнгө оруулалт. Өрхийн эмч, эмийн санд очдог тэр зам уулын зам болж хувирахад миний амьдралд олон том өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, би эрүүл амьдралыг эрхэмлэгч болсон нь гэр бүл, үр хүүхдүүдээ дагуулах үлгэрлэл, хэвшлийн тод зам болж дурайсан. Хоёрдугаарт, би эрүүл хүн болсон. Өвдөлт, зовиур, сэтгэлийн шаналал, даагдахгүй бие, зүрх дэлсэх түгшүүрээ онхид мартаж цовоо цолгиун өдрүүдийг би өөртөө авчирсан. Гуравдугаарт, эмийн хэрэглээгүй болсноор гэр бүлийн эдийн засагт нааштай хандлагууд гарсан. Хуримтлалдаа зориулж байгаа мөнгөндөө урамшиж, ирээдүйгээ төлөвлөдөг болсон. Энэ нь сэтгэл санаанд ямар их гэрэл тусгадаг гээч. Зорилготой өдрүүдийн цонхоор би амьдралыг хардаг болсон гэхүү дээ. Хамаг мөнгөө элдэв эмэнд өгчихөөд баахан эм цүнхлээд харьж явах биш, дуртай жимсээ, сайхан эрүүл хүнсээ авчихаад алхаж явах хоёрын алийг нь хүн сонгохоо өөрөө л мэднэ. Дөрөвдүгээрт аливаад хандах хандлага минь өөрчлөгдсөн. Өвдвөл эм ууна, ядарвал хэвтэнэ, гутарвал уйлна, тэртэй тэргүй нэмэргүй байхад юу ч идэж, яаж ч байсан яахав. Энэ мунхаг бодол минь солигдож өвдөхгүйн тулд сэргийлэх, мэдээж үүний тулд хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байх нөхцлийг алдахгүй байх, ядрахгүйн төлөө зөв хуваарилалт хийж, ачааллаа тэнцүүлэн зөв амьдрах, бүхий л өвчний үндэс болсон хооллолтондоо анхаарч сонголттойгоор зөв хооллох ийм үзэл хэвшлийг өөртөө төдийгүй гэр бүлдээ хэрэглээ хэвшил болгож чадсандаа баяртай байгаа.

-Та үнэхээр өөдрөг эрүүл амьдралын итгэл дүүрэн гэрч болж чаджээ. Танд цог хийморьтой урт удаан он жилүүдийг ерөөе. 

-Их баярлалаа. Өөрчлөлт гэдэг чинь хүний сэтгэхүйд байдаг юм шүү. Амьдралын 24 цагийн ертөө гучхан минутанд тээгдэж оршдог гайхамшиг юм шүү. Эрүүл амьдралын диваажинг өөртөө бүтээхийн тулд эргэшгүй цуцашгүй байгаарай гэж хүмүүст аминчлан захья даа.

Улсын эмнэлгийн ор эзлэн эм тарианд мөнгөө үрдэггүй, ар гэрийнхэндээ ачаалал нэмж асаргаа сувилалд чирэгдүүлдэггүй, өөртөө болоод улсдаа эдийн засгийн хөрөнгө оруулалт хийхээс гадна эрүүл амьдрахын эцэж цуцашгүй бодит гэрч нь болж, сэтгэлийн  жаргал,  итгэлийн халуун нөмөр, хамтдаа бүтээхийн сайн сайхныг хүртэн амьдарч яваадаа энэ эрхэм хэмжээлшгүй жаргалтай. Өтлөх цаггүй, өвдөх завгүй хүнд амьдрал, өдөр бүхэн бэлэг бэлддэг юм. Илгээмжээр бус, итгэл урмаар ирдэг энэ бэлгийг АЗ ЖАРГАЛ хэмээн нэрлэдэг ажгуу. Эрүүл сайхан явах шалтгаан эрхэм таны үзэл хандлага, хэвшил хэрэглээнд л байгаа. Өөртөө зам нээцгээе.

Сэтгүүлч Цэрэндоржийн Сосорбурам


Өөртөө нээсэн зам   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй