Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан боллоо

2022-09-27 16:13:11

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцэв.

  1. Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас:

- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ-35 дугаар албан бичгээр “... Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг ... баталгаажуулан, намын 14 дүгээр Их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр 37 тоот тогтоол гаргасан, ...  Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн, ... батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;

- 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/40 дүгээр албан бичгээр мөн ижил агуулгатай, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;

- 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/39 дүгээр албан бичгээр “Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилсан шийдвэрийг гаргасан ... мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичгүүдийг тус тус;

  1. Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас:

- 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/166 дугаар албан бичгээр “Ардчилсан намын Ээлжит бус Их хурал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдан, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт /оруулсан/, мөн... Ардчилсан намыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон ... тул Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн ... Ө.Шижирийг  Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү ...” гэх;

- 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02/178 дугаар албан бичгээр  “... намын Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10.1.1-д зааснаар намын дарга С.Эрдэнэ огцорсонд тооцогдсон. ... Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоол ...-оор бүртгэсэн дүрмийн өөрчлөлт нь огцорсонд тооцогдсон даргад буцаж үйлчлэхгүй. ... Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.1, 5.12.4.11 дэх заалтуудад ... зохицуулсны дагуу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тэргүүн дэд дарга /Ө.Шижир/-т олгосон” гэх агуулгатай “Нэмэлт тайлбар өгөх тухай”  гэх албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлэв.

  1. Түүнчлэн, дээрх өргөдлүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан:

- Ардчилсан намын гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, 14 дүгээр Их хурлын төлөөлөгч гэх Д.Алтанхуягаас 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “... С.Эрдэнэ нь өөрийгөө Ардчилсан намын дарга мөн, Улсын дээд шүүхийн бүртгэлд би Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэж намын гишүүдийг хууран мэхэлж намын үйл ажиллагааг дүрмийн бус аргаар удирдан явуулсаар байна. ... Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гаргасан гэх дүрмийн бус “С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх тухай” хүсэлтийг татгалзаж өгнө үү ...”  гэх агуулгатай “Өргөдөл гаргах тухай”;

- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭГ/43 дугаар албан бичгээр “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх асуудлаар Ардчилсан намын бүтцийн аль ч байгууллагаас шийдвэр огт гаргаагүй” гэж, “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг эс зөвшөөрөх тухай”; 

- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ХЭГ/44 дүгээр албан бичгээр “... Ардчилсан намын зүгээс дээрх нэр бүхий этгээдүүдийг Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр огт томилоогүй, ... нэр бүхий хэсэг бүлэг иргэд Ардчилсан намын нэрийг барин хүчингүйд тооцож, ашиглахыг хориглосон ... тамганы дардас хэрэглэн, Улсын дээд шүүхэд ... өргөдөл хүргүүлсэн ... уг хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн Улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх гэсэн хууль бус үйлдлийг ... Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” гэх агуулгатай “Шаардлага хүргүүлэх тухай”;

- Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/45 дугаар албан бичгээр “иргэн И.Мөнхжаргал гэгч өөрийгөө Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн нэрлэж, Ардчилсан нам хэзээ ч хуралдаагүй Их хурлын /2022.08.18/ шийдвэр гэх зүйлийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ... Ардчилсан намыг төлөөлөн Улсын дээд шүүхэд өргөдөл гаргах эрхгүй этгээд ...тул И.Мөнхжаргал, Ө.Шижир нарын гаргасан өргөдлийг хэлэлцэхээс татгалзан буцааж өгнө үү” гэх агуулгатай “Хүсэлт хүргүүлэх тухай”  албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ. 

Монголын Либерал намын ээлжит 5 дугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй хэмээн үзэж бүртгэв.


Нийт шүүгчийн хуралдаан боллоо  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй