Шууд Chart

ОУЦХБ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал эхэллээ

2022-09-28 12:59:38

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Румын улсын нийслэл Бухарест хотод  2022 оны 09 дүгээр сарын 26-аас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд “Нэгдье, Холбоё” уриан дор чуулж байна.

Дижитал шилжилтийн ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий энэхүү хуралд  Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо нар оролцож байна.

Дөрвөн жил тутамд хуралдан, ОУЦХБ-ын бодлого, стратегийг тодорхойлж, санхүүгийн төлөвлөгөөг баталдаг тус хурлаар ОУЦХБ-ын удирдлагын баг, зөвлөлийн гишүүн орнууд, радио зохицуулалтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгодог.

Арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ хэлсэн үгэндээ: "Румын улсын Засгийн газар болон Харилцаа холбооны удирдлага, зохицуулалтын үндэсний газар (ANCOM)-д, мөн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манлайлсан Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Хулин Жао, ОУЦХБ-ын удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр зарлан, “Дижитал үндэстэн” болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг УИХ-аар баталж, Монгол Улсад дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан талаар онцолсон юм.

Мөн түүнчлэн 1.9 сая хэрэглэгчтэй, 63 төрийн байгууллагын 2000 орчим төрийн үйлчилгээг багтаасан, 16 сая гаруй онлайн үйлчилгээг иргэдэд хүргээд байгаа “E-Mongolia” цахим систем нэвтрүүлсэн талаар дурдаад, Засгийн газраас “Дижитал үндэстний стратеги” 2027 он хүртэлх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан.

Энэ хүрээнд Азийн технологийн төв орон болох зорилт тавин ажиллаж байна. Мөн гадаадын иргэнд цахимаар оршин суух эрх олгох, Монгол Улсад бүртгэлтэй компани байгуулах, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд татварын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологийн гарааны компаниудыг дэмжих, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор инновацын төвүүдийг барьж байна.." хэмээгээд Монгол Улсын Засгийн газар ОУЦХБ болон гишүүн орнуудтай хамтран ажиллаж, “ОУЦХБ-ын 2030 он хүртэлх хөтөлбөр” болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


ОУЦХБ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал эхэллээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй