Шууд Chart

АНУ-ын баг 11 дэх удаагаа дэлхийн аварга боллоо

2022-10-02 18:15:57

Австралийн Сидней хотноо болсон 19 дэх удаагийн ДАШТ-ий аваргын төлөө АНУ болон БНХАУ-ын шигшээ багууд шалгаран өрсөлдсөн юм. Багууд хэсгийн шатанд учраа таарахад АНУ-ын баг 77-63 харьцаатай хожиж байсан билээ.

Олимпын наадмын 9 удаагийн аварга АНУ-ын баг шигшээ тоглолтод 83-61 харьцаатай хожиж 11 дэх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртлээ. Тоглолтын агуулгын хувьд Черил Рииве дасгалжуулагчтай АНУ-ын баг нэгдүгээр үеэс эхлэн онооны тэргүүллийг авч, үүнийгээ алдалгүй явсаар үндсэн цагт (13-18, 20-25, 14-25, 14-15) хожсон юм. АНУ-ын багаас шилдэг довтлогч А’Жа Уилсон 19 оноогоор багаа тэргүүллээ. “Лас Вегас Эйсес” багийн 26 настай залуу од тэрээр 6 удаа оновчтой дамжуулалт өгч, 6 удаа самбараас бөмбөг авсан байна. Мөн сэлгээнээс Келсие Плам 17 оноо, Жевелл Лоид 11 оноо, Челси Грэе 10 оноо, 8 оновчтой дамжуулалт өгсөн сайн үзүүлэлттэй тоглолтыг дуусгаж, багийн хожилд чухал үүрэгтэй тоглолоо. АНУ-ын багийн хувьд ДАШТ 19 удаа болоход 17 удаа оролцож 14 дэх медалиа хүртэж байгаа нь энэ юм.

БНХАУ-ын шигшээ багаас 23 настай төвийн тоглогч Ли Юүери 19 оноо авч сайн тоглолт үзүүлсэн юм. 200 см өндөр тэрээр 10 довтолгооныхоо наймыг нь оновчтой болгож 80%-ын амжилттай довтолжээ. Мөн хамгаалагч Ван Сиюү, Вү Тонтон нар 10-с дээш оноо авсан юм. Тоглолтын гол зөрүү довтолгоо байлаа. АНУ-ын баг 74 довтолж 33-г нь оруулсан бол БНХАУ-ын баг 56 довтолгооныхоо 24-г нь цагаригт оруулжээ. Мэдээж АНУ-ын баг сайн хамгаалж, самбарт сайн тоглож байсныхаа үндсэн дээр эдгээр олон довтолгоог хийх боломжуудыг гаргаж байсан юм.

Тэмцээний мөнгөн медалийг хүртсэн БНХАУ-ын багаас онцлох хүн нь тоглогчид гэхээс илүү дасгалжуулагч Вэй Жен байлаа. Тэмцээний туршид багаа маш сайн удирдаж, хагас шигшээд зохион байгуулагч орон, дэлхийн аварга Австралийн хүчтэй багийг 61-59 харьцаатай хожиж багаа хүссэн амжилтдаа хүргэлээ. Харин шигшээ тоглолтод сагсан бөмбөгийн эх орон, хүчирхэг АНУ-ын багт аргагүй хүчин мөхөсдлөө. Энэ ч утгаараа тэрээр тэмцээний шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм. Энэ нь Хятадын багийн ДАШТ-ий түүхэн дэх 3 дахь медаль нь бөгөөд өмнө 1994 онд мөнгө, 1983 онд хүрэл медаль хүртэж байжээ.

ДАШТ-ий хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг АНУ-ын багийн лидер тоглогч А’Жа Уилсон хүртлээ. Тэрбээр тэмцээний туршид 17.2 оноо, 2.2 бөмбөг тасалсан дундаж үзүүлэлтээрээ тус бүр 3-р байрт эрэмбэлэгдсэн юм. Тэмцээний бэлгэдлийн багт А’Жа Уилсон болон АНУ-ын багийн хүчний довтлогч Бренна Стеварт, БНХАУ-ын багийн төвийн тоглогч Хан Шу, Австралийн багийн Степ Талбот, Канадын багийн довтлогч Бриджет Карлетон нар багтсан байна.

Тэмцээний хүрэл медалийн талбайн эзэн баг Австраличууд хүртлээ. Медалийн төлөөх тоглолтод 95-65 харьцаатай Канадын багийг илт давуу хожсон юм. Ногоон тивийн багаас шигшээ багийнхаа төлөөх сүүлийн тоглолтдоо оролцсон Лаурен Жэксон 30 оноо, 7 удаа самбараас бөмбөг авч тоглолтын шилдгээр тодорлоо. 41 настай төвийн тоглогч тэрээр сэлгээнээс тоглолтод оролцож, 21 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 16 довтолгооныхоо 11-ийг нь амжилттай болгосон юм. Лаурен Жэксон Австралийн шигшээ багт 1998 оноос хойш тоглож Олимпын наадмаас 4, ДАШТ-ээс 4 медаль хүртсэн амжилттайгаар шигшээ багаасаа зодог тайлж байна.

Мөн Степ Талбот, Сара Бликавс нар 10-аас дээш оноотой тоглолтыг дуусгажээ. Австраличууд ийнхүү ДАШТ-ээс 6 дахь медалиа, 4 дэх хүрэл медалиа хүртэж байна. Тэд өмнө нь 2006 онд алт, 2018 онд мөнгө 1998, 2002, 2014 онуудад хүрэл медалийн эзэд болж байв.

Ийнхүү 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 өдрийн турш үргэлжилж аваргаа тодрууллаа. Тэмцээнд 5 тивээс шалгарсан шилдэг 12 баг оролцож нийт 38 тоглолт болжээ. Дараагийн ДАШТ 2026 онд болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

АНУ-ын баг 11 дэх удаагаа дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй