Шууд Chart

Эрсдэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

2022-10-03 10:41:56

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, 21 аймгийн Онцгой байдлын газрын дарга нартай цахим хурал хийлээ.

Энэ үеэр ойрын өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч, ихэнх нутгаар эрс сэрүүсч уулархаг нутгуудаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд Баян–Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу, цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар УОК-ын нарийн бичгийн дарга Г.Баярхүү мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 09 дугаартай албан даалгаварын хэрэгжилтийг бүх шатанд хангах ажлын хүрээнд малчид, тариаланчид болон орон нутгийн иргэдэд Цаг уурын мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, өвөлжилт хүндэрсэн тохиолдолд отор нүүдлийн бүс нутгийг бэлдэхийг даалгалаа.

Мөн сайжруулсан шахмал түлшний хангалт, нийлүүлэлтийн бэлтгэл ажилд нийслэлийн Онцгой комисс шат шатны байгууллагатай хамтарч ажиллах, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд хяналт үнэлгээг хийх, албан байгууллага, айл өрхийн цахилгааны шугам сүлжээ болон аюулгүй ажиллагааг хянах, эрсдэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрсдэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй