Шууд Chart

Хүчирхийллийг хүйс тэмтэрье

2014-06-30 14:50:58

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

-*-

Хүчирхийллийг хүйс тэмтэрье

Гэр бүл гэдэг үндэсний баялаг, хамгийн нандин ариун атлаа эмзэг сүм гэж би ойлгодог. Гэтэл энэ ариун сүмд хүчирхийлэл гэдэг бараан үйл ямар их болохыг мэдрэх бүрийд өр өвдөх юм.  Нэгэн  судлаач “Дэлхийн III дайн гэр бүлд болж байна” хэмээн хэлсэн байдаг. Энэ нь гашуун боловч үнэн үг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гэр бүлийн хэн нэг нь эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж санаатайгаар доромжлол хүч хэрэглэж байгаа үйлдэл аж. Энэ байдалд өртөөгүй гэр бүл өдрийн од шиг ховорхон гэвэл та итгэх үү?

Үүнийг батлах жишээ байна. Манай улсад гурван өрх тутмын нэгт нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн судалгаа бий.  Монголд гарч байгаа гэмт хэргийн тал хувь нь гэр бүлийн хүрээнд гарч байгаа нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийллийг орчин цагийн боолчлол гэж олон улсад үздэг юм билээ.  Хүмүүнлэг, иргэний ардчилсан гэх тодотголтой манай улсад боолчлол байгаа нь өнгөөр нь ялгаж будсан зураг шиг тодхон.

Хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь охид, бүсгүйчүүд байна. Цэцэг цэврүү шиг дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн харанганд өртсөн охин үрсээ бид яах вэ? Гэр бүлийн хүчирхийлэл халдварт өвчин шиг тархаж байгааг хараад тоолоод суух цаг биш билээ. Өнөөдөр хүн амины хэргээр ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 86 хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж нөхрөө хөнөөсөн байгаа юм. Хүн амины хэрэг үйлдэж буй нь хүний ёсноос гажууд уучилж үл болох зүйл боловч байнгын дарамт шахалтад байсан тэдний сэтгэлийн зовнилыг хэн ойлгох вэ? гэдэг нь оньсого хэвээр байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх юм.

 Тэдний цаана олонд мэдэгдэлгүй хэчнээн хүн хүчихийлэлд өртсөнийг бурхан л мэдэх байх. Хамгийн эмгэнэлтэй нь гэр бүлийн хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдах даамжрах шинж чанартай байдаг. “Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна” гэж төрийн тэргүүн Ц.Элбэгдорж хэлж энэ эмзэг асуудлыг тун нухацтай хөндөж  байгаад иргэн хүний хувьд талархаж хоёр гараа өргөн дэмжиж сууна. Гэр бүлээ хүчирхийлж зовлонгийн далайд умбуулж яваа хүн бүхэнд төр төмөр нүүрээ харуулах ёстой. Монгол Улсын хэмжээнд одоогоос арван жилийн өмнө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хуулийг батлан гаргасан байдаг. Гэвч чимээгүй тахал болсон хүчирхийлэл устахгүй л байна.  Хүчирхийлэлд өртсөн хэн нэгэн  гомдол гаргая гэхэд хамгийн наад зах нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлнө. Мөн эмнэлэгт үзүүлэх үзлэг шинжилгээний мөнгө гээд чамгүй төсөв гарна. Ядуурал, архидалт хэмээх бараан үүл нийгмийг бүрхсэн нь хүчирхийлэл үйлдэгдэх гол хүчин зүйл болж байгааг хаана, хаанаа анхаарах цаг хэдийнэ иржээ.

Хүчирхийлэлд өртсөн найз маань идэр есийн хүйтэнд өмсөх хувцасгүй хүүхдээ тэврээд  ямар ч бичиг баримтгүй ирж байсан. Бичиг баримтгүй бол ямар ч үйлчилгээ авах боломжгүй харгис нийгэмд бид аж төрж байгаа нь нууц биш.  Эндээс харахад, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бүрэн туслалцаа үзүүлэх хамгаалах байр нэн хэрэгтэй. Гэвч манай улсын 21 аймгийн дөнгөж дөрөвт нь л ийм газар бий гээд бод доо.  Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад 50 орчим хамгаалах байрны үйлчилгээ хэрэгтэй . Сум, аймгийн дарга нар маань хэдэн мал хорогдож байгаа судалгааг гаргуулж авдаг болохоос хэдэн хүн хүчирхийлэлд өртөж байгааг судалдаггүй. Хатуухан хэлэхэд “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гээд судлахыг ч хүсдэггүй байх.  Гэвч жороолохоос өөр аргагүй байдал үүсээд байна.

Ингэж халгай идсэн тэмээ шиг дээш харж хэнэггүй явсаар байтал хэчнээн хацар гоо охид хүчирхийлэл хэмээх аюулын харангад өртөж буйг бодохоос ч айдас  хүрнэм. Гэр бүлийн хүчирхийлэлд мэргэшсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын тоог нэмэх нэн шаардлагатай байгааг төр түмэн минь болгоох буй за.  “Гургалдай шувуу торон дотор дуулдаггүй. Хайр дурлал доромжлол дор цэцэглэдэггүй билээ”. Хүчирхийллийг хүйс тэмтэрцгээе...

Б.Анхцэцэг /times.mn/


Хүчирхийллийг хүйс тэмтэрье   
Үзсэн: 3762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-16 16:51
Ингэж байж өөрөө хүчиндүүлчихэв дээ Анхаа минь
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-30 15:30
Уучлаарай!!! ХОГ хана багассан юм вэ ? Ходоо орон нутагт тур чигээрээ хогоор дуурсэн хэвээрээ сум орон нутгийнхан юу ч хиихгуй байна .

Бидэнтэй нэгдээрэй