Шууд Chart

С.Ерөөлт: Хурд, хамгаалалт, довтолгооны бэлтгэлийг маш оновчтойгоор хийхийг зорьдог

2022-11-08 11:53:10

Оюутны сагсан бөмбөгийн спортод сүүлийн жилүүдэд “цахиур хагалан” гарч ирж байгаа баг бол яах аргагүй ТЗДС-ийн “Жигүүртэн”. Тус багийг энэ удаагийн дасгалжуулагч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн арслан, тэргүүний төмөр замчин Сүхбаатарын Ерөөлтийг “Редакцийн зочин”-оор урилаа. Тэрбээр багийнхантайгаа ТЗДС-ийн дэргэдэх “Замчин” спорт зааланд бэлтгэл сургуулилтаа хийж байв. Багийн дасгалжуулагч хэлэхдээ “Бид энэ жил бүх хүчээ дайчилна. Манай багийн тамирчид ч түрүү жилийнхээ амжилтыг ахиулна гэсэн урам зоригтойгоор бэлтгэл сургуульдаа шамдаж байна” гэв. Түүнтэй “Жигүүртэн” багийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэе.

-Та “Жигүүртэн” багийг хэд дэх жилдээ дасгалжуулж байна вэ?

-Тав дахь жилдээ дасгалжуулж байна. Энэ хугацаанд манай тамирчид чамгүй амжилт үзүүлсэн. Өнгөрсөн онд л гэхэд 55 их дээд сургуулийн мянга гаруй оюутан оролцсон Монголын хамгийн том “Оюутны лиг”-ийн тэмцээний II дивизонд аваргын төлөө Их засаг их сургуультай өрсөлдөж, мөнгөн медалийн эзнээр тодорсон. Энэ бол ТЗДС төдийгүй нийт төмөр замчдын хувьд онцлох үйл явдалд тооцогдох амжилт болсон гэж би хувьдаа бодож байгаа. УБТЗ-ын ТЗДС-ийн “Жигүүртэн” баг гээд улс орон даяар нэрээ цуурайтуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилуулна гэдэг үнэхээр том бахархал. Манай сургуулиас бэлтгэгдсэн 15 залуу тийм олон мянган оюутантай хүчирхэг сургуулиудтай хүчтэй өрсөлдөх хэмжээний чадварлаг баг болж гарсанд би багш хүний хувьд үнэхээр их баярласан.

-Танай багийн тамирчдыг маш богино хугацаанд үсрэнгүй амжилт гаргасан гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Танай багийн амжилтын гол нууц юунд оршиж байна вэ?

-Бусад сургуулиуд сагс тоглодог,  чадварлаг хүүхдүүдийг дөрвөн жилийн 50, 100 хувийн тэтгэлгээр элсүүлж авдаг. Манай сургуулийн тухайд  Монгол Улсын Боловсролын тухай хуульд тусгагдсан “Оюутан элслүүлэх журам”-ын дагуу босго онооны болзлыг хангасан оюутнуудыг л элсүүлдэг. Өөр давуу байдлыг нь харгалзан ямар нэгэн тусгайлсан тэтгэлэг, хөнгөлөлт олгодоггүй. Тэгэхээр тус сургуульд яг л төмөр замын мэргэжил эзэмшье гэсэн хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн үг. Манай оюутнууд ихэвчлэн удам дамжсан төмөр замчны хүүхдүүд байдгаараа онцлогтой. Бид оюутнуудаасаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглох хүүхдүүдээ сонгож авдаг. Манай сургууль бусад их дээд сургуулийг бодвол цөөн оюутантай. Голдуу орон нутаг, шугам замаас ирсэн хүүхдүүд. Багаасаа хотод өссөн хүүхдүүдтэй харьцуулахад сагсан бөмбөг тоглох ур чадвар, биеийн өндөр нь хүртэл дутмаг. Гэхдээ дутуу бид сул талаа төмөр замчдын сахилга бат, дэг журмаартай байдлаараа нөхөж тоглодог. Үүний ч үр дүнд нэгэнт өндрөө авчихсан хүчтэй баг тамирчидтай, сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд гарч ирж байна.Товчхондоо, манай тамирчид “Сахилга бат бас дахин сахилга бат” гэсэн зарчмыг баримталдаг. Бэлтгэл сургуулилалтыг цагт нь хийж, цагтаа тарна. Бэлтгэлийн цагийг маш үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьдог. Энэ л биднийг амжилтад хүргэж байгаа хүчин зүйл юм болов уу.

-Та тамирчдаа ямар арга барилаар дасгалжуулж байна вэ?

-Би сагсан бөмбөгийн мэргэжлийн хүн биш. Үндэсний бөхийн хүн. Гэхдээ багш дасгалжуулагч хүн гэдэг бүх талаар унивирсаль байх ёстой гэж боддог. Нөгөөтэйгүүр өнөө цагт цахим орчинд сагсан бөмбөгийн онол, дасгалжуулалтын маш олон төрлийн бичлэг байдаг учраас бие даан судалцдаг. Ахмад тамирчдаасаа зөвлөгөө авна. Дээрээс нь, хүүхдүүдээсээ маш их суралцдаг. Яагаад вэ гэвэл орчин цагийн хүүхдүүд өндөр түвшний мэдрэмжтэй, мэдээллийн өргөн хүрээний сувагтай байдаг. Үүнд нь тулгуурлаад хувилбар, комбинацийг боловсруулдаг. Хурд, хамгаалалт, довтолгооны бэлтгэлийг маш оновчтойгоор хийхийг зорьдог.

-“Жигүүртэн” багийн хамгийн ойрын зорилго юу вэ?

-Энэ жил бид дээшээ дэвшиж, Монголын хамгийн топ их, дээд сургуулиуд тоглодог I дивизонд тоглож байгаа. МУИС, ШУТИС, ХААИС, ИЗОИС, “Сити” дээд сургууль гэхчлэнгээр сагсан бөмбөгийн спорт мэргэжлийн түвшинд хөгжсөн шилдэг сагсчин оюутнуудтай багуудтай бид энэ жил тулна. Өнгөрөгч аравдугаар сарын 24-нд бид Хүмүүнлэгийн их сургуультай эхний тоглолтоо хийгээд онооны илт давуу байдлаар ялалт байгууллаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг агуулгаар нь эхний хожлоо авсандаа бид баяртай байгаа. Цаашид улам эрч хүчтэй тоглох итгэл найдвараа ч олж авсан. Энэ жилийн тухайд бид “Аварга болно. Алтан медалийг авна” гэж том ам гарч чадахгүй. Яагаад вэ гэхээр үнэхээр орчин нөхцөл нь өөр. Гэхдээ бид өөрсдөд байгаа бүхнээ шавхаад шилдэг найман багт үлдэх зорилтыг өмнөө тавьсан. Ер нь, I дивизонд тоглоод нэг хожил авна гэдэг ямар үнэ цэнэтэй том амжилт вэ гэдгийг сагсан бөмбөгийн спортыг ойлгодог хүмүүс нь сайн мэднэ.

-Танай багийн хувьд нэн тэргүүнд ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Өмнө нь бид бүхнийг заалны цаг, хувцас хэрэглэл гээд анхан шатны түвшинд дэмжиж ирсэн. Өнгөрсөн оноос эхлэн финалын тоглолтын өмнө гурав хоногт хоол, ус ундаатай байлгаж, автобус унаа хүртэл гаргаж өгсөн. Сургуулийн удирдлагын зүгээс зохион байгуулалттайгаар хөгжөөн дэмжигчийн баг ч ажиллуулсан. Энэ жил ч дээрх уламжлал үргэлжилнэ. Гэхдээ манай багийн хувьд сургуулийн захиргаанаас өөр дэмжлэг одоогоор алга. Хэдийгээр чадах чинээгээр дэмжиж байгаа ч сургуулийн маань захиргаа аж ахуйн тооцоотой байгууллага учраас тодорхой хязгаартай шүү дээ. Бусад их дээд сургууль бол газар тэнгэр шиг ялгаатай. ШУТИС л гэхэд “Shark tank”-ын ивээлд багтсан байх жишээтэй. Тэгэхээр бидний хувьд том дэмжлэг шаардахгүй. Ус, ундаанаас эхлээд өчүүхэн л сэтгэлийн дэмжлэг үзүүлвэл хүүхдүүд маань маш их баярладаг. Манай хүүхдүүд бүгд төмөр замчдын гаралтай. Ирээдүйд төмөр замын салбартаа л ажиллана. Тэр ч утгаараа дэм дэмэндээ дээс эрчиндээ байх нь том амжилтын нэгэн үндэс суурь болно гэж хардаг.

“Харцага”, “Шонхор” хоёр

Довтлогч Б.Батбаяр, Б.Хурцбаатар нар бол “Жигүүртэн” багийн өмнөө барьдаг чадварлаг тамирчид. Тэднийг багийн дасгалжуулагч нь “Манай багийн асар басар хоёр доо” хэмээн инээж байв. Миний хувьд харин алдсан бөмбөгийг явуулдаггүй. Авсан бөмбөгөө алддаггүй залуу тамирчдыг “Харцага”, “Шонхор” хэмээн нэрлэвэл илүү зохилтой санагдсан. “Жигүүртэн”-ий шийдвэрлэх тоглолтуудыг харахад дээрх хоёр тамирчнаас үнэхээрийн л үзэгчдийг өндөлзүүлж, сагсан бөмбөгийн спортын хорхойтнуудын цөсийг хөөргөсөн уран тоглолтууд гардаг юм билээ. Багын бусад 13 тамирчний хувьд ч үндсэн хоёр довтлогчдоо итгэл үзүүлж, гайхамшигтай холболт, дамжуулалтуудыг хийж байгаа нь харагдсан.

Б.Батбаяр: Мэргэжлийн талбарт гарсан ч их спортоороо үргэлжлүүлэн хичээллэнэ

 

-Би Дархан-Уул аймгийн харьяат. Манай аав хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байсан учраас намайг багаас минь дэмжиж ирсэн. Ээж маань ч спортод хорхойтой хүн. Би сагсан бөмбөгийн спортоор долдугаар ангиасаа хичээллэсэн. ТЗДС-д 2019 онд Зүтгүүрийн аж ахуйн мэргэжлээр элсэн сурч байна. Нэгдүгээр курсээсээ “Жигүүртэн” сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн болсон. Багш нар маань бидний хичээлийн цагийг зохицуулж өгөхөөс эхлээд шалгалт шүүлгэд ч анхаарал хандуулдаг болохоор бид оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө бүх хүчээ дайчилдаг. Өнгөрсөн жил манай баг  УАШТ-д II дивизонд аваргын төлөө шалгарч, мөнгөн медаль авсан. Нэгдүгээр дивизоны хувьд ШУТИС, МУИС бидний гол өрсөлдөгч болдог. Тэднээс гадна хувийн хэвшлийн сургуулиуд баг тамирчдадаа маш сайн дэмждэг. Бүр бодлогоор сайн тоглодог хүүхдүүдийг өөрийнхөө сургуульд элсүүлэн бэлтгэдэг л дээ. Манай сургуулийн хувьд өнгөрсөн онд II дивизоноос I дивизон руу шилжин орсон учраас одоохондоо доогуур эрэмбэлэгдэж байна. Яваандаа мэдээж ритингээ улам ахиулна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтдаа шамдаж байна даа. Миний хувьд ТЗДС-иа төгсөж мэргэжлийн талбарт гарсан ч ажлынхаа завсар чөлөөгөөр сагсан бөмбөгийн спортоо орхихгүй явж, өндөр амжилт гаргана гэж боддог.

Б.Хурцбаатар:Солгой довтолгоо миний давуу тал

- ТЗДС-д 2020 онд Холбооны мэргэжлээр элсэн орсон. “Жигүүртэн” багт гурав дахь жилдээ тоглож байна. Тамирчин хүнд сэтгэлзүй маш чухал байдаг. Миний хувьд тоглолтын өмнө хувийн бэлтгэлээ хангаж, сэтгэл зүйгээ маш сайн бэлддэг. Би солгой болохоор солгой талаараа довтолсон тоглолтдоо ихэвчлэн оноо авдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Ерөөлт: Хурд, хамгаалалт, довтолгооны бэлтгэлийг маш оновчтойгоор хийхийг зорьдог   
Үзсэн: 1997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-08 16:26
Amjilt

Бидэнтэй нэгдээрэй