Шууд Chart

Украинд эрчим хүчний хангамжийг сэргээж байна

2022-11-29 11:40:16

Украины мэргэжилтнүүд эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулж чадсан, гэхдээ 20 хувийн хүчин чадлын хомсдол тулгамдсан хэвээр байна. Украины ерөнхий сайд Денис Шмыгаль фэйсбүүкт ингэж мэдэгдсэний дээр, эрчим хүч хангамжийн сүлжээг засварлахаар 1000 гаруй мэргэжилтэн өдөр тутам ажиллаж байгааг дурджээ. Оросын өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоонд улсынх нь эрчим хүчний дэд бүтцийн 50 шахам хувь гэмтэж сүйдсэн талаар Украины эрх баригчид өмнө нь мэдээлж байсан юм.

Улмаар эрчим хүчний байгууламжуудыг засварлаж, тогтвортой цахилгаан хангамжийг сэргээхийн тулд эрчим хүчний компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг материал шаардлагатай байгааг Украины эрчим хүчний сайд Герман Галущенко германы ЗГ-ийн төлөөлөлтэй цахимаар уулзах үедээ мэдэгджээ. Германы эдийн засаг болон байгаль, цаг уурын асуудал эрхэлсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас гадна эрчим хүчний томоохон компаниудын удирдлагууд энэ цахим уулзалтад оролцож, Украины эрчим хүчний салбарт үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж, түргэвчлэхэд бүх хүчээ дайчлахаа амлажээ. Энэ үеэр Украины ЗГ-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын 7 бүс нутгийн 524 тосгон сууринд цахилгаан хангамжийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Энэ зуур Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын пуужингийн цохилтууд дахин сэргэж болзошгүйг анхааруулж, батлан хамгаалах хүчин болон иргэдээ саяны 7 хоногийнх шиг хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байхыг уриалжээ.

Ням гарагт Киевт цас орж, температурын заалт 0 градус руу бууж, шөнөдөө манан буух анхааруулгатай байх үед энэ сэрэмжлүүлэг өгсөн байна.  Тэгвэл Австрийн БХЯ-ны цэргийн стратегич Маркус Райснер гэгч хурандаа Украиныг агаарын довтолгооны эсрэг хамгаалалтаа хүчтэй болгохгүй бол, хэдхэн долоо хоногийн дараагаас тас харанхуй суухад хүрнэ гэж Зидиэф-т ярьжээ. Оросууд Украинд довтолсныхоо дараахан агаарын довтолгооноос хамгаалах системийнх нь 3/1-ийг устгасан учраас Киев, дэд бүтэц рүү нь онилсон цохилтуудад өртөмхий байгаа, дээрээс нь Украины нутаг өргөн, хамгаалалт шаардлагатай байгууламж асар олон гэдгийг энэ шинжээч дурдсан байна. Оросын зэвсэгт хүчин Крымийн гүүрийг дэлбэлсэн хэрэг явдалд Украины тусгай албадыг буруутгаж, улмаар 10 сарын 10-наас Украины дэд бүтцийн байгууламжуудад ширүүн цохилт өгч эхэлсэн. Ингэхдээ голчлон эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн удирдлага, холбооны байгууламжуудыг онилж байгаа гэж Москва мэдэгддэг. Өчигдөр гэхэд, Днепр орчимд хаймарс төхөөрөмжийн 100 гаруй сум устгасан гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. Мөн гадаадын үйлдвэрийн том калибрын их бууны 7000 гаруй сум устгасан гэж эдний мэдээлэлд дурджээ. Украины тал энэ тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинд эрчим хүчний хангамжийг сэргээж байна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй