Шууд Chart

БНЭУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилалт хийж байна

2022-12-01 11:17:43

Энэтхэг болон Америкийн засгийн газрууд Бээжинтэй хурцадмал байдлыг зохицуулахыг чармайж байгаа энэ цаг үед хоёр улсын батлан хамгаалах яамд Хятадтай маргаантай байдаг Энэтхэгийн уулын бүс нутагт жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтаа хийж байна. Энэ сургуулилт тандалт хийх, уулын бүсэд дайтах ур чадвар эзэмших, хохирогчдыг нүүлгэн шилжүүлэх, газар нутаг, цаг агаарын таагүй нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэх армийн чадавхыг ахиулахад чиглэснийг Энэтхэгийн тал мэдэгджээ.

Жил тутамд болдог энэхүү сургуулилалтад АНУ-ын агаарын десантын 11-р дивизийн 2-р бригадын цэргүүд ирж оролцож байна. Сургуулилалтыг хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үед тусламж үзүүлэх, энхийг сахиулах ажиллагаа явуулах сургуулиар үргэлжлүүлэх юм байна. Америк, Энэтхэгийн батлан хамгаалах яамд 2000 оны эхэн үеэс эхлэн ингэж хамтарсан сургуулилалт хийдэг болжээ. Өмнөх сургуулилалтуудыг Энэтхэгийн хойд бүс нутагт өөр өөр газруудад хийж иржээ. Харин энэ жил Хятад Энэтхэгийн эзэмшил газар нутгийг заагласан маргаантай хилээс 100 кмийн зайд хийж байгаа юм байна. Энэтхэг Хятад хоёр энэ бүс нутгийн газар нутгийн маргаанаас болж 1962 онд дайн хүртэл хийж байсан. 2020 оны зун газар нутгийн маргаан хурцдаж, энэтхэгийн Ладак мужид хоёр талын цэрэг харилцан гал нээснээс энэтхэгийн талаас 20 цэрэг, Хятадын талаас 4 цэрэг амь үрэгдэж байсан.

Үүний дараа Хоёр тал эндээс цэргээ ухраасан ч газар нутгийн маргаанаас болж Бээжин Шинэ Дэлигийн хооронд хурцадмал байдал хэвээр байгаа юм. Энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилалт Энэтхэг Америкийн хооронд батлан хамгаалах харилцаа бэхжиж байгааг харуулж байна. Хоёр улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын харилцаагаа тогтвортой өргөжүүлж, хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр байгуулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилалт хийж байна   
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй