Шууд Chart

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

2022-12-02 09:16:03

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийснийг тодотгов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс төслийн 18.2.7 дахь заалтыг “төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох тусгай болон энгийн зөвшөөрлийг тодорхойлсон байх” гэж өөрчлөх, төслийн 27.1 дэх хэсэгт “сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байна” гэсэн шинэ заалт нэмэх, төслийн бусад зүйл, хэсэг заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэг, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь эдгээр саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан төслийн 29.1 дэх хэсгийн “зээлдэгчийн” гэснийг “санхүүжүүлэгчийн” гэж, 29.2 дахь хэсгийн “Монгол Улсын хууль болон түншлэлийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу оролцоно” гэснийг “холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг дэмжихгүй гэсэн саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй