Шууд Chart

УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-12-02 09:22:16

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулсан Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хуулийн төслийн зарим нэр томьёог олон улсын стандарт, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, “Зохицуулах зөвлөл”-ийн нэрийг “Зохицуулах хороо” болгон өөрчилж байгаатай холбогдуулан төсөлд тусгагдаагүй орхигдсон зарим зүйл, заалтын нэр томьёог жигдэлж, өөрчлөх чиглэлээр ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсны дараагаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол болон найруулгын саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Ийнхүү Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


УИХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй