Шууд Chart

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-12-02 09:26:25

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар уншиж танилцуулсан.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Мөн УИХ-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Монгол Улсын Засгийн газраас Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Тиймээс Хууль зүйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.

Байнгын хорооноос,

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг төслөөс хасах;

-Хуулийн төслөөс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хасах санал гаргасантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонд болсонд тооцох тухай, Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах гэсэн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгааг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа.

Ингээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй