Шууд Chart

Европын зөвлөлийн ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

2022-12-02 12:00:41

Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель БНХАУ-д айлчилж, пүрэв гарагт удирдагч Ши Жиньпинтэй уулзаж өргөн хүрээг хамарсан сэдвээр яриа хэлэлцээ хийлээ.

Энэ дунд ОХУ, Украины дайнтай холбоотой асуудлаар хоёр тэргүүн санал бодлоо илэн далангүй солилцож, зарим тохиролцоонд хүрч чадлаа хэмээн хэвлэлүүд мэдээллээ.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Хятадын удирдагч Ши Жиньпин нар Украины дайны талаар хэлэлцэж, БНХАУ-ыг "Орост үзүүлэх нөлөөгөө" ашиглахыг уриаллаа гэж тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэл "Си Си Ти Ви" мэдээлсэн байна.

Мөн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель хэлэхдээ, Ши Жиньпин "Хятад улс Москвад ямар ч зэвсэг нийлүүлэхгүй" гэж "маш тодорхой хэлсэн" гэдгийг онцлон сэтгүүлчдэд мэдээлжээ.

Чарльз Мишель пүрэв гарагт Бээжинд Ши Жиньпинд бараалхах үеэрээ хоёр орны худалдаа болон бусад асуудлаар "илэн далангүй яриа хэлэлцээ" хийлээ гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Европын холбооны орнууд Хятадаас голчлон бараа бүтээгдэхүүнээ импортолдог бөгөөд энэ нь нийт импортын бүтээгдэхүүний 20 гаруй хувийг, харин экспортын 10 хувийг эзэлдэг юм. Тиймээс Европын холбоо Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид илүү гүнзгийрүүлэн ажиллаж, мөн санал зөрүүтэй асуудлаа ч хэлэлцэж зохицуулах шаардлагатай гэдгийг ЧарльзМишел мэдэгджээ.

Мөн Европын холбооны нийт худалдааны 40 хувь нь Тайванийн хоолойгоор дамжин хийгддэг байна. Тиймээс тус бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжихийн чухлыг Чарльз Мишель онцлон тэмдэглэсэн юм.

Нөгөө талаас БНХАУ-ын ГХЯ-ны албаны хүмүүс Европын холбоо "Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэж мэдэгдсэн гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Хятадын хувьд Европын холбоо нь хамтран ажиллах найдвартай, урьдчилан тааварлах боломжтой түнш болох боломжтой гэж мэдэгджээ.

Мөн уулзалтын үеэр Ши Жиньпин “Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх нь Европ болон Евразийн бүх улс орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” гэж хэлсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ "Одоогийн нөхцөлд бид хямралыг даамжруулан, өргөжүүлэхээс зайлсхийж, энх тайвны төлөө хамтран ажиллах ёстой" гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын зөвлөлийн ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна   
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй