Шууд Chart

АНУ Украины асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Жозеф Байден мэдэгдэв

2022-12-03 13:31:56

Украины дайн Америк, Франц гэсэн эртний холбоотнуудыг сорьж байгаа цаг үед Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд төрийн айлчлал хийж байна.

Дайныг зогсоох, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд Америк, Франц улсууд нэгдмэл байхаа дахин нотолж байна. Харин Цагаан ордны тэргүүн Жозеф Байден ОХУ, Ерөнхийлөгч Владимир Путин Украинд хийж байгаа дайныг зогсоох арга зам хайж байгаа бол түүнтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Гэхдээ Америк Франц улс болон НАТО-той зөвлөлдсөний үндсэн дээр л Москватай хэлэлцээ хийх юм байна.

Оросын хүчийг сулруулахын тулд Киевийг эдийн засгийн болоод батлан хамгаалахын тусламжаар хангахад Америк, Европыг нэгдмэл байлгах гэж Жозеф Байден, Эммануэль Макрон нар чармайж байгаа. Энэ удаад ч тэд Украины талд үүрэг амлалт нь хэвээр байгааг дахин нотоллоо.

Ингэхдээ Оростой хэлэлцээ хийх сонирхол байгааг ч илэрхийллээ. Гэхдээ Владимир Путин хэлэлцээ хийх сонирхлоо илэрхийлэхгүй байхыг бодоход ойрын үед хэлэлцээний ширээнд суух бодолгүй байгааг харуулж байна гэж Жозеф Байден онцоллоо.

Эммануэль Макроны айлчлалын үеэр хөндөгдсөн өөр нэг том асуудал нь Жозеф Байдены гарын үсэг зурсан Америкийн цэвэр эрчим хүчний тухай хууль.

Франц улс энэ хууль Америкт үйлдвэрлэсэн технологи, тэр дундаа цахилгаан машиныг дэмжсэн нь Европын ашиг сонирхолд нийцэхгүй зөвхөн Америкийн ашиг сонирхлыг хангахад чиглэж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Гэвч АНУ уг хуулийн өмнөөс уучлалт гуйхгүй. Харин Америк, Франц хоёр Европын цэвэр эрчим хүчний төслүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд цэвэр эрчим хүчний хамтын хүчин чармайлтаа дахин нарийн судлах шаардлагатай гэж Жозеф Байден мэдэгджээ.

Америк, Франц хоёр Украины дайныг хэрхэн зогсоох, түүний ачааг хэрхэн хуваалцах талаар санал зөрөлдөөнтэй байна. Макрон Европт аюулгүй байдлын шинэ архитектур үүсгэж, батлан хамгаалахын хувьд Америкаас хараат байдлаас гарч Европ тивд стратегийн бие даасан байдал тогтоохыг эрмэлзэж байгаа нь заримдаа Жозеф Байдены засаг захиргааны дургүйцлийг төрүүлдэг.

Гэхдээ Америкт хүчирхэг Европ хэрэгтэй байгаа ийм цагт Францын Ерөнхийлөгчөөс илүү хүчирхэг удирдагч байхгүй гэж "Нью-Йорк таймс" онцолж байна.

Эммануэль Макрон Жозеф Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-д төрийн айлчлал хийж байгаа анхны гадаад улсын төрийн тэргүүн болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Украины асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Жозеф Байден мэдэгдэв   
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй