Шууд Chart

Европын комисс царцаасан ОХУ-ын хөрөнгийг Украинд нөхөн төлбөрт өгөх санал гаргалаа

2022-12-03 14:22:04

Европын комисс хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш Украинд учруулсан хохирлыг нөхөн төлөхийн тулд хориг арга хэмжээний хүрээнд царцаасан ОХУ-ын хөрөнгийг хураах төлөвлөгөө танилцуулжээ.

Тэдний тооцоолсноор одоогийн байдлаар Оросын 600 тэрбум еврогийн хөрөнгийг царцаасан байгаа юм байна.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон дер Лейены мэдэгдсэнээр одоогоор тус комисс Оросын төв банкны 300 тэрбум еврогийн нөөцийг царцааж, Оросын олигархиудын 19 тэрбум еврог битүүмжилсэн байгаа аж. 

Богино хугацаанд Европын холбоо болон түүний түншүүд уг хөрөнгийг захиран, Украинд шилжүүлэх хүртэл зохицуулалтыг хийх боломжтой гэж Урсула мэдэгджээ.

Европын холбоо энэ үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд түншүүдтэйгээ олон улсын гэрээ хэлэлцээр дээр ажиллаж, холбооны зүгээс зорилтоо биелүүлэхийн тулд хууль ёсны арга замыг олж чадна гэж үзэж буй юм байна.

Мөн Европын холбоо НҮБ-ын дэмжлэгтэйгээр Оросын Украинд хийж буй дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх тусгай шүүх байгуулахыг санал болгож байгаа юм.

ОХУ Украинд цэргээ оруулснаас хойш дайн тэмцэл 10 дахь сардаа үргэлжилж байна. Оросын арми өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээс хойш Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд пуужингийн цохилт өгч байгаагаас өнөөдөр Украины олон сая ард иргэд цахилгаан, дулаангүй, цэвэр усгүй, хүйтэн өвлийг зутарч өнгөрүүлж байна.

Иймээс тэдэнд учруулсан хохирол, зовлон зүдгүүрийг нимгэлэхийн тулд Оросын царцаагдсан хөрөнгийг зохих газарт нь хуулийн хүрээнд ашиглах ёстой гэж Европын холбоо үзэж байна.

Украины Батлан хамгаалах яам хоёрдугаар сарын 24-нөөс хойш дайны талбарт 13 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн тухай албан ёсны тоон мэдээллээ анх удаа хэвлэлээр ил мэдээллээ.

Өнгөрсөн сард АНУ-ын армийн өндөр албан тушаалтан Оросын талаас Украинд 100 мянга гаруй цэрэг амь үрэгдэж, шархадсан, Украин ч мөн ялгаагүй ийм тооны хохирол амссан байхыг үгүйсгэхгүй гэж мэдээлж байсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын комисс царцаасан ОХУ-ын хөрөнгийг Украинд нөхөн төлбөрт өгөх санал гаргалаа   
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй