Шууд Chart

Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулахаар тохиролцлоо

2022-12-06 11:51:11

Газрын тос экспортлогч гол улс орнууд олборлолтоо өдөрт 2 сая баррелиар танах зорилтоо хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрчээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн уналт, Оросын түүхий газрын тосны экспортод тогтоосон Өрнөдийн хориг арга хэмжээг харгалзан үзсэн шийдвэр юм байна. Ингэснээр ОПЕК-ийн гишүүн 13 улс, гишүүн бус олборлогч 11 орон газрын тосны олборлолтоо өдөрт 2 сая баррелиар танах тухай өнгөрсөн 10-р сард гаргасан шийдвэрээ 2023 оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр болж байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон түүний гишүүн бус олборлогч ОХУ зэрэг улсууд өчигдөр цахимаар хуралдаж, ийм шийдвэрт хүрчээ. ОПЕК болон гишүүн бус олборлогчид өнгөрсөн 10-р сард газрын тосны ханшийг дэмжих зорилгоор гаргасан олборлолтоо танах тухай шийдвэрийг зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулахад чиглэсэн алхам юм. Зах зээл дээр түүхий газрын тосны ханш буурах хандлагатай байгаа нь Европын орнууд, Америкийн төв банкууд инфляцыг дарахын тулд бодлогын хүүгээ огцом өсгөсөнтэй холбоотой юм байна. Хятад ч мөн тэг ковид бодлогын хүрээнд иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдээд эдийн засаг нь хумигдаж байна. Мөн Европын холбоо, Долоогийн бүлэг Австрали улс Оросыг Украинд дайн хийж байгаатай нь холбогдуулан Оросын далайн тээврийн түүхий газрын тосны дээд үнийг баррель тутамд нь 60 америк доллароор тогтоочихлоо.

Ирэх 2-р сараас Европын холбоо мөн Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд Европын холбоо Оросоос 75 тэрбум америк доллароор түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүн импортолсон. Одоо тогтоож байгаа хориг нь Оросоос авдаг импортыг нь 90 гаруй хувиар бууруулна гэж Европын холбоо тооцож байна. ОХУ-ын засгийн газрын орлогч сайд Александр Новак үнийн дээд хязгаарыг тогтоосон улс орнуудад газрын тосны экспортоо зогсооно гэсэн улс орных нь байр суурь өөрчлөгдөөгүйг өчигдөр мэдэгдлээ. ОПЕК болон түүний гишүүн бус орнууд Өрнөдийнхний Оросын газрын тосонд тогтоосон хориг нефтийн эрэлт болон үнэнд хэрхэн нөлөөлөхийг хянах үүднээс олборлолтоо танах зорилтоо хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулахаар тохиролцлоо  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй