Шууд Chart

БНСУ дэлхийн тэргүүлэх таван экспортлогчийн нэг болох зорилт дэвшүүллээ

2022-12-06 12:47:45

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль улс орноо дэлхийн тэргүүлэх таван экспортлогчийн нэг болгох зорилт дэвшүүлж байна. Тэрээр экспортыг нэмэгдүүлэхэд засгийн газрын нөөцийг төвлөрүүлэх амлалтаа дахин нотолж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Ойрх Дорнод, Төв болон өмнөд Америкийн орнуудад өргөжүүлэхээ амлаж байна.

Экспорт бол улс орны эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн үндэс суурь байсаар ирсэн, одоо ч хэвээр байгааг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль онцлон тэмдэглэжээ. Засгийн газар нь 2021 онд дэлхийн 6 дахь том экспортлогч болж байсан улс орноо 2026 он гэхэд дэлхийн 5 дахь экспортлогч болгохын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлаж байна. Тухайлбал засгийн газар компаниудад экспорт хийх, гэрээ байгуулахад нь тулгарч байгаа саад бэрхшээлийг богино хугацаанд шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, экспортлогчдод үзүүлэх санхүүгийн болон захиргааны дэмжлэгийг мэдэгдэхүйц түвшинд өргөжүүлэх юм байна. Түүнчлэн хуулийн зохицуулалтыг таатай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс дунд болон урт хугацааны стратеги хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Юн Сок Ёль төрийн эрх авснаас хойш экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн удаашралыг даван туулахыг хичээнэ гэж олон удаа мэдэгдэж байсан.

Өнөөдөр Өмнөд Солонгос нь дэлхийн 10 дахь том эдийн засаг төдийгүй компьютерын санах ойн хагас дамжуулагчаас эхлээд автомашин, хөлөг онгоц, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэлтээр тэргүүлэгчдийн нэг. Өнгөрсөн онд экспорт 644 тэрбум ам.доллар байсан бол энэ онд дэлхийн эдийн засаг удааширсан ч 680 тэрбумын экспорт хийж, дээд амжилт тогтоож магадгүй байгааг худалдааны сайд нь өнөөдөр мэдэгджээ. Хятад улс Өмнөд Солонгосын худалдааны гол зах зээл боловч Өмнөд Солонгос Хятадын зах зээлээс хамааралтай байдлаа бууруулах зорилгоор энэ онд АНУ, Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбоо, Энэтхэг рүү хийсэн далайн тээврийн хэмжээ түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ дэлхийн тэргүүлэх таван экспортлогчийн нэг болох зорилт дэвшүүллээ   
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй