Шууд Chart

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй уулзлаа

2022-12-06 12:25:58

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай уулзалт хийлээ.

Манай хоёр орны худалдааны тэнцэл харилцан адилгүй буюу 97/3-ын харьцаатай байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэх, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон болох ОХУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүний импортын татварт ноогдуулж буй өндөр хувь хэмжээг бууруулах, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо.

2022 оны 11 дүгээр сарын 14-өөс 16-ны өдөр Москва хотноо зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны Протоколд тусгагдсаны дагуу 2023 оны хаврын тариалалтад шаардлагатай азотын болон бусад төрлийн бордоог ОХУ-аас импортлох, “СПЕЦМАШ-2023” хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, “Монгол Улсын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн паркийг шинэчлэх хөтөлбөр”-ийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх, “Биокомбинат” ТӨҮГ-ын өргөтгөл, шинэчлэлийн төсөл дээр хамтран ажиллах боломж зэрэг асуудлыг уулзалтын үеэр хэлэлцлээ.

Түүнчлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд ОХУ-тай хамтран Монгол Улсад гахайн цогцолбор аж ахуй байгуулах төслийн талаар ярилцсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй уулзлаа  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй