Шууд Chart

Польш улс БНСУ-аас худалдаж авсан зэвсгийн эхний хэсгийг хүлээн авлаа

2022-12-08 11:27:02

Польш улс Өмнөд Солонгосоос худалдаж авсан зэвсэг техникийн эхний хэсэг болох танк, их бууг хүлээн авчээ. Балтийн тэнгисийн боомтод болсон хүлээн авах ёслолд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Батлан хамгаалахын сайдын хамт оролцсон байна.

Өнгөрсөн зун Польш улс 5.8 тэрбум ам.доллараар зэвсэг, техник худалдан авахаар Өмнөд Солонгостой гэрээ байгуулсан юм.

Энэ гэрээний хүрээнд Өмнөд Солонгосын тал Кэй-2 Блайк Пантер танк 10 ширхэг, Кэй-9 Тандер алсын тусгалтай их буу 24 ширхэгийг далайгаар тээвэрлэн Балтийн тэнгисийн боомтод хүргэсэн байна.

Польшийн Ерөнхийлөгч ОХУ зүүн хилд нь Украинд дайн хийж байгаа ийм үед Европын холбооны Польш улс урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах чадавхиа яаралтай нэмэгдүүлэх шаардлагад нь түргэн шуурхай хариу өгсөн гэж Өмнөд Солонгосын төрд талархал илэрхийлжээ.

Анджей Дуда орчин үеийн шинэ зэвсгийн нөөцтэй байж гэмээн Оросын түрэмгийллийг зогсоох чадавхитай болно гэж мэдэгджээ. Зэвсэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгосын Засгийн газар болон батлан хамгаалах салбарын албаны хүмүүс оролцсон байна.

Сөүл 2025 он хүртэл зэвсгийн нийлүүлэлтээ хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Польш улс Өмнөд Солонгосын Хьюндай Ротем компанийн үйлдвэрлэсэн Кэй-2 Блайк Пантер танк, Ханхва Дефенс компанийн Кэй-9 Тандер алсын тусгалтай их бууг олон зуун ширхэгийг худалдан авч байгаа юм.

Гэрээнд мөн ложистик, зэвсэг ашиглах сургуулилалт хийх, сум нийлүүлэх зэрэг заалт багтжээ. Түүнчлэн Варшавын консерватив Засгийн газар Өмнөд Солонгосын Аероспэйс, Америкийн Локхийд Мартины хамтран үйлдвэрлэсэн ЭфЭй-50 сөнөөгч онгоцыг 3 тэрбум доллараар худалдан авч байна.

Польш улс дотооддоо үйлдвэрлэл эхлүүлэхийн тулд технологийн шилжилт хийхээр эрмэлзэж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польш улс БНСУ-аас худалдаж авсан зэвсгийн эхний хэсгийг хүлээн авлаа   
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй