Шууд Chart

БНСУ-ын ачааны автомашины жолооч нар ажил хаялтаа үргэлжлүүлж байна

2022-12-08 12:01:20

Өмнөд Солонгосын Засгийн газар ажилдаа эргэж орохыг шаардсан шийдвэр гаргасан ч ачааны автомашины жолооч нар ажил хаялтаа үргэлжлүүлж байна.

Сүүлийн 10 гаруй хоног ажил хаяж байгаа жолооч нар 2022 оноор дуусгавар болох ачаа тээврийн доод үнийн тогтолцоог байнгын болгохыг Засгийн газраасаа шаардаж байгаа юм.

Засгийн газар нь энэ системийг гурван жилээр сунгах санал тавьсан ч уг системийг байнгын болгож, хамрах хүрээг нь тэлэхийг тээвэрчид шаардсаар байна.

Засгийн газраас нь ачааны автомашины жолооч нарыг ажлаа хийхийг шахаж байгаа ч үйлдвэрчний эвлэлийн олон зуун жолооч улсынхаа нефть боловсруулах томоохон үйлдвэр Хьюндай Ойл банк болон ЭсКей Энержи компанийн төв байрны гадна эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Ачааны автомашины жолооч нартэй эв санааны нэгдлийн холбооны 25 мянга гаруй гишүүн хоёр долоо хоногийн өмнөөс ажил хаясан. Одоогийн байдлаар зөвхөн чингэлэг, цемент тээвэрлэхэд хамгийн бага үнийн тариф мөрдөгдөж байгаа бөгөөд ачааны машины жолооч нар газрын тос, химийн бодис тээвэрлэгчид, төмөр болон автомашин тээвэрлэгч, ачаа хүргэлтийн автомашин зэрэг бусад ачаа тээвэрлэгчдэд энэ үнийн тарифыг байнгын мөрддөг байх системийг шаардаж байгаа юм байна.

Хамгийн бага тарифын систем нь санхүү, хувийн аюулгүй байдалд нь маш чухал, үүнгүйгээр тэд хүргэлтээ нэмэгдүүлж, амьжиргаагаа залгуулахын тулд эрсдэлтэй нөхцөлд ажиллахад хүрч байна гэж жолооч нар үзэж байгаа юм.

Өмнөд Солонгосын Засгийн газар үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцээ хийгээд тохиролцоонд хүрч чадаагүй. Ингээд Засгийн газар нь ажил хаялт эдийн засагт нь сөргөөр нөлөөллөө гэсэн үндэслэлээр ачааны автомашины жолооч нарын зургаан өдрийн ажил хаялтыг зогсоох хатуу арга хэмжээ авахаар болсон. Энэ журмыг Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн өнгөрсөн мягмар гарагт зарласан Засгийн газрын хуралдаанаар баталсан. Уг журмыг дагаж мөрдөхгүй бол лицензийг цуцлах, гурван жил хорих, эсвэл 30 сая вон хүртэл торгууль ногдуулахаар заажээ.

Гэвч ажил хаялт зохион байгуулагчид энэ журмыг үл ойшоож, түлшний үнэ, зээлийн хүүгийн өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөрийн нөхцөл, санхүүгийн дарамтыг үл тоон, хөдөлмөрлөх эрхийг нь хааж байна гэж консерватив засгийн газраа буруутгаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын ачааны автомашины жолооч нар ажил хаялтаа үргэлжлүүлж байна   
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй