Шууд Chart

Дэлхийн хэвлэлүүд Монголын нүүрсний хулгайн эсрэг жагсаалын тухай...

2022-12-08 15:49:22

Нүүрсний хулгайчдыг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал нийслэлийн төв талбайд 5 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ талаар дэлхийн нөлөө бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийнхүү мэдээлжээ.


ABCNEWS

БНХАУ-тай хийсэн нүүрсний худалдаатай холбоотой авлигын хэргийн мөрөөр энд нэр холбогдсон албан тушаалтнуудыг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал нийслэл хотод нь болсон байна. Улмаар цугларсан олон Төрийн ордон руу дайрч орохыг завджээ. Жагсагчид 385 мянган тонн нүүрс хулгайлсан хэргээр холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Засгийн газраасаа шаардсан юм. Их дээд сургуулийн оюутнууд болон 20-30 насныхан зонхилж байгаа жагсагчдын зарим нь зузаан дээл өмсөж, уриа лоозон барьсан байжээ. Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийг Засгийн газрын харьяа Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа тул төрийн хяналтад авсан тухай дотоодын хэвлэлүүд нь мэдээлж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үед инфляц 15 хувиас давж, монголчуудын дийлэнх нь амьжиргаагаа залгуулах гэж зүдэрч байна. Монгол Улс 1990-ээд оны эхээр ардчиллын тогтолцоонд шилжсэн.

Монголын 3.2 сая хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тайван жагсаал цуглаан хийх нь цөөнгүй байдаг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайд мөн олон мянган хүн оролцсон жагсаал болж байсан. Далайд гарцгүй Монголын нүүрс, ноолуур болон бусад баялгийн экспортын дийлэнх хувь нь Хятад улс руу гардаг байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин, БНХАУ-ын нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор нүүрс хулгайлсан гэх хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байна гэж хэлсэн байна. БНХАУ бол Монгол Улсын найрсаг хөрш бөгөөд Монголын Засгийн газар энэ асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж, мөрдөн шалгана гэж итгэж байгаагаа тэр төлөөлөгч мөн илэрхийлсэн байна. “Хятадын эрх бүхий байгууллага Монголын талын хүсэлтийн дагуу хууль, журмын дагуу шаардлагатай тусламж үзүүлэх болно” гэж тэрээр нэмж дурджээ.


BLOOMBER:

Монгол Улсын Ерөнхий сайд 120 сая америк долларын үнэ бүхий нүүрс хулгайлагдсан хэрэгтэй холбогдуулан жагсаж байгаа олон нийтийн уур бухимдлыг намжаахын тулд жагсагчидтай Лхагва гарагт уулзлаа. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайчдыг” шалгаж, шийтгэл хүлээлгэх тул төрдөө итгэн хүлээхийг ард түмнээсээ хүслээ гэж Ikon.mn агентлаг мэдээлснийг Блүүмбэрг уламжилсан байна. БНХАУ-тай хиллэдэг овоолгоос 385 мянган тонн нүүрс хулгайлагдсан хэргийг шийдвэрлүүлэхийг шаардсан иргэд нийслэл Улаанбаатар хотод ням гарагаас эхлэн жагсаал хийж байна.


YTN:

Монгол Улсад “Нүүрсний авлигыг” эсэргүүцсэн жагсагчид Төрийн ордон дайран орохыг завдсан байна. 12 сарын 5-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах Төрийн ордны өмнө олон мянган иргэн нүүрсний авлигыг эсэргүүцэн хэрэгт холбогдох албан тушаалтнуудыг огцруулахыг шаардан жагслаа. Жагсагчид энэ нүүрсний хэргээр авлигачид 2.4 их наяд воны үнэ бүхий 6.5 сая тонн нүүрсийг Хятад руу экспортлохын тулд хулгайлсан гэж мэдэгдсэн байна.


ЁНХАП:

Тайванийн хэвлэл мэдээллийн "Free Times" сайтад 12-р сарын 6-ны өдөр Нүүрсний авлигыг эсэргүүцсэн томоохон жагсаал Монгол Улсад болж, жагсагчид Төрийн ордон руу дайран орсон тухай мэдээлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна. Сүхбаатарын талбай дахь том гацуур мод шатсан зураглал сошиалаар тарсан байна. Хулгайлагдсан нүүрсийг мөнгөн дүнгээр авч үзвэл ойролцоогоор 1,8 тэрбум америк долларын үнэлгээтэй 6.5 сая тонн нүүрс алга болсон байна. Үүний дараа, 12 сарын 4-нд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Жагсагчид хулгайлагдсан нүүрсийг авлигачид Хятад улс руу хууль бусаар гаргасан үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Жагсаалын хариуд Монгол Улсын Их Хурал онц байдал зарлах санал гаргасан ч Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүлээж авахаас татгалзсан байна. Гэвч Монголын эрх баригчид жагсаал даамжирвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Монголын нүүрсний төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Эрдэнэс Монголиа” төрийн өмчит хөрөнгө оруулалттай компани нүүрсний авлигын хэрэгт холбогдсон гэж мэдэгдсэн ч нотлох баримт олдоогүй байгааг “Free Times” мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэвлэлүүд Монголын нүүрсний хулгайн эсрэг жагсаалын тухай...  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй