Шууд Chart

УИХ: Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав

2022-12-08 16:20:45

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай санал ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын хилийн боомтын асуудлыг хянан шалгах явцад холбогдох байгууллагуудаас авсан нотлох баримтуудыг нэгтгэн боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай байгаа талаарх саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар Монгол УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тэрбээр танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд болон Байнгын хорооны даргаас хариулт авав. УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай сэдвийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад нууцын зэрэглэлтэй гэрээ, бичиг баримтуудтай танилцаж байгаагаа Г.Ганболд гишүүн хэлсэн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар олон нийтэд мэдээллэх, ил тод дэлгэх боломжгүй байгаа аж. Энэ сарын 21-ний өдөр зохион байгуулах Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголоос өмнө оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлээд байгаагаа мөн мэдээллээ. Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох гэрээнүүд ил болж, тэр хэрээр иргэдийн хүсэж байгаа мэдээлэл тодорхой болно гэж үзэж байгаагаа Г.Ганболд гишүүн хэлсэн.

Хянан шалгах түр хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар тодруулсан гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна. Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө. Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын ГХЯамаар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай гэсэн байсан. Энэ дагуу дахин ГХЯамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж Улсын Их Хуралд тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэлээ.

Ийнхүү УИХ-ын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны саналаар “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томьёоллоор санал хураахад УИХ-ын 61 гишүүний 59 хувь нь дэмжив. Үүгээр Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгахаар шийдвэрлэв.


УИХ: Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй