Шууд Chart

Сэтгүүлчийн тэмдэглэл: Иргэд тав дахь өдрөө эсэргүүцлээ илэрхийлж байна

2022-12-08 19:12:59

Гараад ир ... гараад ир ... Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд олон зуун хүн ийнхүү хашхирч Төрийн ордныг гороолж байна. Монгол Улсынхаа төрийн далбааг барин цувж буй тэд өнөөдөр тав дахь өдрөө эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм.

Сошиалд нүүрсний хулгайн талаар мэдээлэл гарч, 44 их наяд төгрөг завшсан гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш иргэд сайн дураараа ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж цуглаад байгаа юм. Тус мөнгийг улсынхаа нийт хүн амд хувааж, нэг хүнд 125 сая төгрөг оногдох нь хэмээн тооцоолон гаргаснаар “Улсын хишиг иргэн бүрд” гэдэг сэтгэхүйн дор бухимдаж эхэлсэн. Хэдхэн хүн завшаад өнгөрөх биш нийтээрээ газрын баялгаа хүртье гээд хэний ч ятгалгаар бус иржээ.

Жагсагчид эхний өдөр нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг зарлуулах, үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг албан бичгийг холбогдох хүмүүст нь гардуулсан гэсэн. Тиймээс үүнийхээ хариуг нүүр нүүрээ харж байгаа л сонсохын тулд төрийн түшмэлүүдийг дуудаж байгаа нь энэ билээ. Гараад ир ... гараад ир...

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, шашин шүтлэг үл хамаарч хувь хувьдаа барьсан лоозонгоо өргөн шаардсаар. Өдөр ирэх тусам жагсагчдын тоо нэмэгдэж байна. Эхний өдөр Төрийн ордныг тойрсон явган хүний замаар алхаад багтдаг байсан бол өнөөдөр багталцахаа больж, машин замаар алхлаа, шаардлаа, дуудлаа. Одоогоор хэн ч үл гарч ирэв. Өчүүхэн түгжрэхэд бухимддаг байсан жолооч нар тэднийг замын хөдөлгөөнд саад учруулсан ч уурлах нь битгий хэл харин ч дэмжиж байгаа харагдсан. Цонхоороо амжилт хүсэхийн зэрэгцээ машиныхаа дуут дохиог дуугаргаж улам зориг нэмнэ. Хэдхэн цагийн дотор төв талбайн энгэр хэсэгт хөл гишгэх газаргүй болтлоо цугларчээ.

Залуучууд зоригтой, тууштай байна. Хэдэн ч өдөр хамаагүй жагсахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Гэвч арга нь олдохгүй, хэн хэнийгээ харсан байдалтай л байна. Нэг нь “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэвэл дагаад л уухайлна. Өөр хэн нэгэн нь шаардлага хэлэхэд гэвэл мөн л адил давтана. Тэр байдлаас нь ажиглахад тодорхой чиглэл гэдэг зүйл алга шиг санагдав. Гэхдээ эх орныхоо элгэн дээр эзэн хүн гэдгээ илгэж, ийнхүү эсэргүүцэл зарлаж байгаа нь онцлог.

Өнөөдөр уяачдын төлөөлөл морио унаж ирээд жагсана гэсэн болов ч Сүхбаатарын талбайд мал алхуулахгүй гэсэн заалт гарсан тул зөвшөөрөөгүй гэсэн.


Энэ үеэр зарим иргэнээс тодруулга авсан юм.


Хөрөнгийг нь хураалгүйгээр Засгийн газрыг огцруулбал харин ч завшсан хэрэг болно

 -Нүүрсний хулгай хийсэн гэх хүмүүсийн нэрсийг яаралтай зарлах хэрэгтэй байна. Дараа нь тэдний хөрөнгийг хурааж, ямар нэгэн бүтээн байгуулалт хийлгэмээр байна. Түүнээс биш хөрөнгийг нь хураалгүйгээр Засгийн газрыг огцруулбал харин ч завшсан хэрэг болно. Ямар ч байсан хулгай хийсэн хүмүүсийг нь тогтоож, бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Дараагийн асуудал нь ирэх оны сонгуульд хэрвээ эдгээр хүмүүс дахин нэр дэвшвэл санал өгөхгүй баймаар байна.

Ерөнхий сайдын хоёр удаагийн мэдэгдлээс би юу ч ойлгоогүй

- Миний хувьд гурав дахь өдрөө жагсаж байна. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлуулах, хуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн хоёрхон асуудалд хариулт авахаар ирсэн. Эхний хоёр өдөр сошиалаар харж суусан бол гурав дахь өдрөөс нь залуучуудтайгаа нэгдэхээр тэсэлгүй ирлээ. Өглөөнөөс хойш хоолойгоо сөөтлөө ориллоо. Гэвч хэн нь ч гарч ирэхгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ телевизээр болон өөрийн биеэр мэдэгдэл хийж байх шиг байсан. Гэвч би юу ч ойлгоогүй. Өмнө нь болоод өнгөрсөн үйл явцыг яриад байх шиг байсан. Гэвч миний шаардаад байгаа зүйлсийн талаар тодорхой хариулт огт өгөөгүй. Миний сонссоноор тэдгээр нүүрсний хулгайчдыг бараг жилийн өмнө Ерөнхий сайд мэдсэн юм шиг байна билээ. Гэвч одоо болтол зарлахгүй байгаад гайхаж байна. Ард түмнээ даанч бодохгүй юм.

Жагсагчдаас 100 иргэнийг төлөөлөл болгоно гэсэнд хардаж байна

- Нүүрсний хулгайчдын нэрсийг л хармаар байна. Хэдийгээр өвлийн хүйтэн болж байхад залуус маань шантралгүй таван өдөр өөрсдийн санаачилгаар ирж, жагсаж байгаад бахархаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр жагсагчдаас 100 иргэнийг төлөөлөл болгож, ажлын хэсэг байгуулна. Тэрхүү ажлын хэсэг нь нүүрсний хулгайчдыг хамт илрүүлнэ гээд байгаа. Миний хувьд үүнд хардаж байна. Учир нь хэдийгээр 100 иргэнийг оруулна гэж байгаа ч намаасаа чимээгүй сонгочихвол бид мэдэхгүй шүү дээ.

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг шаардаж байна

- Би төр түшиж байгаа эрхмүүдээс дөрвөн зүйл л хүсэж байна. Нэгдүгээрт дарга, цэрэг хэн ч байсан бүгд ижил тэгш эрхтэй баймаар. Хууль нь ч бүгдэд ижил үйлчилдэг баймаар байна. Хоёрдугаарт татварын зөв бодлого байх хэрэгтэй. Татварын дарамт дэндүү их байна. Удаах нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бидэнд төрийн дарамт ирдэггүй болгох. Өнөөдөр манай улсад бизнес эрхэлж байгаа хэн нэгэн аль нэг даргыг танихгүй эсвэл хахууль өгөх мөнгөгүй бол ямар ч ажил урагшлахгүй болж. Эцэст нь Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг шаардаж байна. Түүнээс биш төрийн өндөрлөгүүд хэн нь байсан ялгаагүй.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгүүлчийн тэмдэглэл: Иргэд тав дахь өдрөө эсэргүүцлээ илэрхийлж байна  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй