Шууд Chart

Нүүрсний хулгайг эсэргүүцэж, орон оронд суугаа Монголчууд үзэл бодлоо илэрхийлсээр байна

2022-12-12 11:29:37

Төрийн зарим албан хаагчид ажил үүргээ хэтрүүлэн ашигласан нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах, тэдний хөрөнгийг хураах зэрэг асуудал Монгол Улс даяар эрчимжиж байна. Сүхбаатарын талбайд өнөөдрийн байдлаар найм дахь өдрөө жагсаал болж, зарим нь өлсгөлөн зарлан хоноод байгаа билээ.

Тэгвэл гадаадад суугаа Монголчууд ч хариуцлага тооцохыг шаардсан жагсаалд дуу хоолойгоо нэгтгэж, янз бүрийн байдлаар эсэргүүцэл зарлаад байна.

Энэ талаарх товч мэдээллийг хүргэе. Франц, Швейцар Улсад амьдарч байгаа Монголчууд энэ сарын 10-нд Женев хотын НҮБ-ийн өмнөх талбайд нүүрсний хулгайч нарыг эсэргүүцэж жагслаа.

Мөн Японы НҮБ-ын төлөөлөгчийн байрны урд талбайд олон арван залуу үзэл бодлоо илэрхийлжээ. Тэд “Нүүрсний хулгайн ганц л давуу тал байна. Энэ удаад Монголчуудыг үнэхээр сэрээж чаджээ. Монголчуудыг нэгтгэж чаджээ.

Хүн бүрийн туйлдаа тулаад байсан тэвчээрийн хязгаар нь тасарчээ. Болоод байгаа юм шиг болгоод яваад байсан ч болохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч илэрхийлж, тууштай байж хамгийн гол нь хамтдаа байж чадаж байна. Гадаадад суугаа Монголчууд ч нэгдэж байна. Халуун уух юм хоол унд тарааж байгаа, инээмсэглээд хийж байгаа хүмүүсийг хараад энэ удаад Монголчууд бид хамтдаа байгаа юм байна гэдгийг мэдлээ” гэжээ.

Тэгвэл БНСУ-ын суугаа Монголчууд “Солонгос дахь Монголчууд маань нэгдвэл нэгдэж чадсан шиг нэгдлээ. Өнөөдрийн жагсаалд сэтгэл зүрхээрээ, итгэл үнэмшлээрээ хол ойр гэлтгүй маш олон залуучууд ирлээ. Бид бүгдийг эх орон гэдэг зүйл холбосон. Эх орныхоо сайн сайхны төлөө, Монголд жагсаж буй залуучууддаа дэм өгөхөөр Солонгос дахь Монголчууд хамтдаа нэгдлээ! Хаа хол Дэгү, Пусан гээд газраас маш олуулаа нийлээд ирснийг харахад үнэхээр бахархууштай! Таван хүүхдээ дагуулаад зориод ирсэн гэр бүл ч байна. Хорт хавдартай ч гэсэн түүнийгээ сөрөн ирээд дуу хоолойгоо өргөж буй мундаг бүсгүй ч байна. Бяцхан хүүхдүүдийн барьсан лоозонд "Эх орондоо өсөж торнимоор байна" гэснийг хараад элэг эмтрэнэ. Хэзээ Монголчууд бид эх орондоо элэг бүтэн амьдрах вэ. Хэзээ хууль эрх тэгш үйлчлэх вэ. Монголд жагсаж буй Монголчууд минь хилийн чанадад байгаа Монголчууд чинь ч гэсэн та нарыг дэмжиж байна! Цэвэр сайхан нийгмийн төлөө жагсаж буй мундаг залуустаа баярлалаа. Өөрчлөлтийг ТЭД биш БИД авч ирнэ” гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нүүрсний хулгайг эсэргүүцэж, орон оронд суугаа Монголчууд үзэл бодлоо илэрхийлсээр байна   
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй