Шууд Chart

Хорватууд хүрэл медаль хүртлээ

2022-12-19 08:58:42

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн тоглолтыг зарим мэргэжилтнүүд, дасгалжуулагчид "шаал хэрэггүй" зүйл гэж үзэх нь байдаг. Учир нь хагас шигшээд хожигдсон багууд сэтгэлзүйн болон бие бялдрын "нокаут" авсан хоёр баг хоорондоо тоглох нь маш хүнд гэж үздэг. Тиймээс ч зарим баг сэлгээний, хагас шигшээд тоглоогүй, талбайд гараагүй тоглогчдыг тоглуулах нь элбэг.

Хорватын дасгалжуулагч Далич ч мөн Ловрен, Юранович, Соса, Пашалич нарыг нөөцөнд суулгажээ.

Харин Африк тивийн, Арабын ертөнцийн найдвар болсон Мароккогоос төвийн хамгаалагч Саисс, Агерд нар нь гэмтэл, бэртлийн улмаас "бага финал"-ыг өнжихөөс аргагүй болсон нь эцэстээ хожигдлын гол шалтгаан боллоо доо. Үндсэн хамгаалагчдын "эзгүйд" Мароккын хамгаалалт бол хэврэг "хана" ажээ. Байрлалаа буруу авах, шугамаа алдах зэргээр алдаа, үл ойлголцол цөөнгүй байлаа.

Тоглолтын эхнээс л хоёр баг "тандалтгүйгээр" харилцан довтоллоо. Энэ хоёр баг "Катар-2022" ДАШТ-д хоёр дахь удаагаа учирч буй болохоор юугаа ч "тандах" билээ. Хэсгийн тоглолтод тэнцсэн бол энэ удаа заавал хожих ёстой.

Тоглолт эхлээд удаагүй байхад Мароккын хаалгач Буну өөрийн хаалгандаа золтой л гоол хийчэхсэнгүй. Хамгаалагчийнхаа өгсөн бөмбөгийг хальт өшиглөж, бөмбөг хоосон хаалганы урдуур өнхрөөд шугам давлаа. Нэрвтэй байгаа нь илт.

Удалгүй стандартаас Хорватууд эхний гоолыг хийлээ. Чөлөөт цохилтоос агаараар ирсэн бөмбөгийг Перисич дагуулан арагш мөргөж, "Катар-2022"-ын нэгэн нээлт, "Хорьж болохгүй 20 настай" Гвардиол тун ганган мөргөөд тоог 1:0 боллоо. Хорватууд Франц шиг санаачилгыг өгч, өөрсдөө сөрөгөөс довтлох тактикийг хэрэглэсэнгүй, довтолж тоглохоор шийдсэн бололтой. Хорватын гоолын баяр намжаагүй байхад "нутагтаа" тоглож буй Мароккын баг мөн л стандарт чөлөөт цохилтоос бас мөргөөд тоог тэнцүүллээ. Энэ удаа "атласын арслан"-ийн төвийн хамгаалагч Дари гоолдлоо. Тооны харьцаа тэнцэж, тоглолтын явц ч тогтуухан болж эхэллээ. Модрич, Эн Несири нарын довтолгоо олныг шуугиулсан ч хараахан амжилттай болсонгүй. Буну, Ливанкович аль аль найдвартай "манаач"- аа хийсээр.

Нэгдүгээр үе дуусахаас өмнөхөн хорватууд "энхийн гэрээг" эвдэн, Оршич оновчтой, эргүүлэгтэй, эвтэйхэн цохилтоор Бунуг "хэмжиж", марокко хаалгач үсрээд үсрээд бөмбөгт хуруу, за бараг "хумс" нь хүрээд, шон цохиод орлоо. 2:1 Хорват  илүүгээр эхний үе өндөрлөв.

Хоёрдугаар үе ойлгомжтой. Цэнгэлдэхийг тоогоороо ч, дуугаараа ч утгаар нь дүүргэх "атласын арслангуудын" хөгжөөн дэмжигчид, мөн арабын бусад орныхон, "хар" тивийнхний дэмжлэгээр мароккочууд "гэртээ" тоглож буй шиг л уур амьсгал байгаа. Тэдний далбаан доор тоогоо тэнцүүлэх гээд уйгагүй довтлон тоглосон. Аллах нь ивээж, аз нь жаахан түшиж, араб уул, ус нь өндөлзсөн бол тэнцүүлэх боломж бас хэд хэд байсаан. Эн Несири гэхэд л 3-4 "момент" гаргасан.

Ялангуяа нэмэлт цагийн төгсгөлд өнөөх пүрштэй юм үсэрдэг Эн Несири бас "гуравдугаар давхарт" толгойгоороо ганган мөргөсөн ч хөндлөвч жаахан давуулсан. Хэдхэн сантиметр марокког "экстра таймаас" зааглалаа даа. Хорват ч бас гоол хийх боломж байсан. Ковачичийн хаалганы гадуур цохидог, Гвардиол дээр шүүгч "новширдог" гэх мэт.

За ингээд ямар ч байсан тоглолт дуусч, Хорват 2:1-ээр хожин, хүрэл медалийн эзэд болов. Өмнө нь тэд 1998 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртэж байсан. Бусад багуудаас айхтар илүү, уран гоё тоглохгүй ч яах аргагүй үр дүнгийн, тэмцээний баг юм аа. Баярлалаа, Хорват!

Марокко түүх бүтээлээ, бүтээлээ. Арабын ертөнцөөс, Африк тивээс шөвгийн дөрөвт үлдсэн анхны баг гээд үеийн үед цоллуулж явах болно.

Зиеш, Хакими, Буну, Эн Несири, "Амарбат" Амрабат , Саисс, Агерд гээд авьяаслаг залуус, Реграри дасгалжуулагчийн нэр хөлбөмбөгчид сонирхогчдын дунд олон олон жил яригдана. Шукран, Марокко!

Ц.Энхтүвшин

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хорватууд хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй