Шууд Chart

Нийгэм, эдийн засгийн салбарын 2022 оны онцлох арван үйл явдал

2022-12-31 14:48:06

MNB.mn сайт он солигдох мөчлөгт эрхэм уншигчдадаа салбар салбарын оны онцлох үйл явдлуудыг хүргэдэг. Энэ уламжлалын дагуу салбар салбарт улиран одож буй 2022 онд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаад 2022 онд Монгол Улсын нийгэм, эдийн засагт болсон онцлох арван үйл явдлыг хүргэе.

Саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхлэв

Дэлхий дахиныг 2020, 2021 онд нөмөрсөн коронавируст халдварын цар тахлын сөрөг нөлөөлөл Монгол Улсад ч тодорхой хэмжээнд саад бэрхшээлүүд учруулсан. Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүд боомтод ажилласан. Ийн БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэлсэн юм.

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж эхэлсэн.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл 2022 оны нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм.

Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдаад байсан олон асуудлыг шийдэж чадсан бөгөөд үр дүнд нь 26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат ийн эхэлсэн.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн дээрх өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдсэн.

Хөгжлийн банк

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ.  Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээ авч эхэлсэн.

Тэгвэл Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,067.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс 726.0 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 161.2 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Мөн Хөгжлийн банк 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 31.1 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Монголын эдийн засгийн чуулган

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сард Төрийн ордонд эхэлсэн. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Эргэн дүгнэхэд, тус чуулган дэлхий дахины болон Монгол Улсын дотоодын амаргүй нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд давхцан зохион байгуулагдаж, эдийн засагт үүсч буй сорилт болон боломж, гадаад төлбөр тооцоо, төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тус чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно” гэж уриалсан.

Системийн нөлөө бүхий арилжааны банкуудын IPO

УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг.

Монгол Улсад 1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектыг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэд хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй.

Хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их мөнгөтэй, санхүүгийн мэдлэгтэй хүн оролцох биш, цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашгийг нь хүртэх боломжтой.

Ташрамд дуулгахад, Банкнуудыг олон нийтэд хувьцаагаа гарган компанийн хэлбэрээ өөрчлөхөөс өмнө Монголбанкны санаачилгаар Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүлсэн. Хараат бус үнэлгээг Бүгд Найрамдах Казахстан улсын “PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP” компани 2022 оны 6-8 дугаар сарын хугацаанд гүйцэтгэж, үр дүнгийн тайланг Монголбанканд хүргүүлсэн.

Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг долдугаар сарын 2-нд эхлүүллээ.

Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт бөгөөд бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.

Бичигт боомтыг 30 жилийн өмнө буюу 1992 оны 7 дугаар сарын 2-ны өдөр анх нээж байсан бол ийн 30 жилийн дараа боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Баруун босоо тэнхлэгийн авто зам

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомттой холбосон, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орууллаа.

Ингэснээр Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан урд, хойд хилийн боомтуудаа хооронд нь авто замаар холбож, Ази, Европыг холбосон транзит коридороо анх удаа байгуулж буй ач холбогдолтой аж.

Энэхүү тээврийн коридор нь ОХУ, БНХАУ, Монгол гурван улсыг холбосон гэдгээрээ онцлог бөгөөд БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км гаруй урттай. Ингэснээр тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.

Тэгш оролцож, тэгш төлөөлье

Дэлхий дахинд нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийгмийн амьдралын өөрчлөлтийг дагаж төр, нийгмийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн хүний эрхийн төдийгүй салбар бүрийн хөгжилд хамаатай билээ.

Харин “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын судалгааны баг гүйцэтгэсэн “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайланд дурдсанаар 2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 50.9 хувь, нийт сонгогчдын 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2018 онд 149 орноос 58 дугаар байранд, 2020 онд 153 орноос 79 дүгээр байранд орсон байна. Харин 2021 онд 156 орноос 69 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Гэвч улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан бөгөөд дэлхийн болон Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан асуудал болж байна.

Улс орнуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь таван оронд 50-аас дээш хувь, 28 оронд 40-өөс дээш хувь, 59 оронд 30-аас дээш хувь, 117 оронд 20-оос дээш хувьтай байна. Харин Монгол Улс 2021 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 17.3 хувиар 193 орноос 127 дугаарт, Азийн бүсийн 30 орноос 19 дүгээр байранд эрэмбэлэгджээ.

2020 онд УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх сонгуулийн үр дүнгээ бататгасан хэдий ч нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо буурсан төдийгүй, дэлхийн дунджаас доогуур хэвээр байна.  УИХ-ын 2004-2016 оны сонгуулиар нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.9 хувь хүртэл өссөн бөгөөд харин 2020 оны сонгуулиар 24.9 хувь болж, 1 хувиар буурчээ. 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 хүн нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байснаас сонгуулийн үр дүнд 13 нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

1992 оноос хойших УИХ-ын найман удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд байжээ. Эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь байсан бол 2016, 2020 онуудад 17.1 хувь болж өссөн, 2020 оноос УИХ-ын дэд даргаар эмэгтэй гишүүн томилогдон ажиллаж байгаа ч 1990 оноос өнөөг хүртэл УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй байна.

Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувьд УИХ-д нэр дэвшигчдийн тоог авч үзвэл орон нутгийн тойргуудад нийслэл Улаанбаатар хотын тойрогтой харьцуулахад харьцангуй цөөн тооны эмэгтэй нэр дэвшиж байна. Сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуульд давхардсан тоогоор нийтдээ 1814 хүн нэр дэвшсэнээс 430 нь буюу 23.7 хувь нь эмэгтэйчүүд байж. Үүнээс орон нутгийн тойрогт нэр дэвшигчдийн 18 хувь нь л эмэгтэйчүүд байгаа бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудад нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна.Ийнхүү хуульд заасан квотыг хангаж байгаа ч орон нутгийн тойргуудад УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүд 20 хувьд хүрэхгүй байна.

Орон нутгийн сонгууль буюу аймаг, нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцооны дундаж дөнгөж 15 хувьтай байна. Сум, дүүргийн ИТХ-ын хувьд эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь 2012 онтой харьцуулахад буурсан төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл 2012 онд 29.33 хувь, 2016 онд 27.1 хувь, 2020 онд 28.62 хувь болжээ. Монгол Улсад орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шат ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөрчээ.

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотыг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдийг дэмжих бодлого хөтөлбөрийг улс төрийн намууд дотооддоо авч хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Олон улсын туршлагаас үзэхэд дэлхийн улс орнууд Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль гэх  мэт органик хуулиндаа квотын хэмжээг тусгасан байна. Квот болон эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихдээ улс төрийн намын санхүүжилттэй “уяж” өгсөн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Буркино-Фасо улс Квотын тухай хууль гэсэн тусгайлсан хуультай аж.

Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих төрөл бүрийн хөтөлбөрүүдийг төрийн бодлогоор дэмжин хэрэгжүүлж байна. Карьер болон гэр бүлийн асуудлыг хослуулан дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн улс орнуудад энэ бодлого нь үр дүнгээ өгчээ. Зарим улс орон эмэгтэйчүүдийг ажил, албан тушаал эрхлэх, улс төрд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд эцэг, эхэд нь адилхан цалинтай чөлөө өгөх, хүүхэд төрмөгц нь яслид өгөх боломж олгох, ахмад настныг асрах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлснээр эмэгтэйчүүдийг хүүхэд, гэр бүл, ажлын карьертаа зэрэг анхаарах боломжийг бүрдүүлжээ.

Харин Монголд “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн УИХ-д суудалтай намууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих тал дээр 2022 онд зоримог шийдвэрүүд гаргасан.

“Чингис бонд”-ыг төлж барагдууллаа. Мөн “Самурай бонд”-ыг хугацаанаас өмнө бүрэн барагдуулах боломжтой боллоо

2012 оны 12 дугаар сард гаргасан Монгол Улсын анхны гадаад үнэт цаас болох “Чингис бонд” төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхний таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төлж барагдуулсан бол дараагийн 10 жилийн хугацаатай , 5.125 хувийн хүүтэй 1.0 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын төлбөрийн үлдэгдэл болох 136.8 сая ам.долларыг 2022 оны 12 дугаар сарын 5 өдөр төлснөөр хугацаанд нь бүрэн төлж дууслаа.

Чингис бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд олгосон бол 24.0 хувийг  эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус тус зарцуулжээ.

Мөн Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иений “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. 

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 1 дүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болж байршуулжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гэрэгэ, Номад болон Сенчури өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан. Үүний нэг нь “Finance Asia”-ийн “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” шагнал.

Монгол Улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлж олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүндээ өсгөснөөр хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын олон улсад дахь нэр хүндийг өсгөх эерэг нөлөөтэй аж.

Хөшигийн хөндийд хот байгуулах төлөвлөлт хийж, Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

"Алсын хараа-2050", "Шинэ  сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-нд "Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс"-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна. Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхлэв.

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжих аж.

Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд болсон. Энэ үеэр Хархорум хот байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулсны дараа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийгэм, эдийн засгийн салбарын 2022 оны онцлох арван үйл явдал  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй