Шууд Chart

Канад Улсын мужийн Ерөнхий шүүгч нар Монгол Улсад айлчилж байна

2023-01-31 11:55:54

Шүүхийн ерөнхий зөвлөлийн урилгаар Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ноён Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Ноён Олег Шаков нар Монгол Улсад айлчилж байна. “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү айлчлал энэ сарын 30-ны өдрөөс хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Өчигдөр(2023.01.30) “Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны танилцуулга, ярилцлага” сэдвээр айлчлалын хүрээн дэх албан ёсны арга хэмжээ эхэллээ. Канадын зочин шүүгч, төлөөлөгч нар Монголын шүүгчдийн хараат бус аюулгүй байдлын баталгаа, шүүгчийн ёс зүйн зарчим хэрхэн мөрдөгддөг болон шүүхийн ил тод байдлыг хангах, шүүхийн шийдвэрийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн үүрэг оролцоотой танилцаж, харилцан санал солилцон өөрийн орны туршлагаас хуваалцахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр “Ёс зүйн зөвлөх хороо”, “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, лхагва гарагт “Олон нийтийг мэдээллээр хангахад шүүгчийн оролцоо: Шүүгчид итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх арга замууд”, пүрэв гарагт “Шүүхийн мэдээлэл ба харилцаа холбоо” сэдвээр холбогдох албаны хүмүүстэй цуврал уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уулзалт, хэлэлцүүлэгт бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчид, сэтгүүлчид, Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцоно. Айлчлалын үр дүнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг шинэ, дэвшилтэт түвшинд хүргэх санаачилга, хамтын ажиллагааны шийдэл гарна гэдэгт талууд итгэлтэй байгаа юм.

Эх сурвалж: ШЕЗ-ийн Хэвлэл мэдээллийн хэлтэс


Канад Улсын мужийн Ерөнхий шүүгч нар Монгол Улсад айлчилж байна  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй