Шууд Chart

Батлан хамгаалах яам 2022 оны ажлаа дүгнэлээ

2023-02-03 12:40:36

Монгол Улсын

Батлан хамгаалах яамны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг БХЯ-ны ТЗУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Р.Энхболд, ХШҮДАГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Н.Пүрэвдорж нар нийт бие бүрэлдэхүүнд танилцууллаа.

Батлан хамгаалах яам нь 2022 онд үйл ажиллагааны зорилгоо “Яамны үйл ажиллагааны бодлогын удирдамж, эрх зүй, зохион байгуулалтын удирдлага, зохицуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн байдлыг хангаж, батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний хөгжлийн дунд хугацааны зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлнэ” хэмээн тодорхойлж, уг зорилгын хүрээнд нийт 173 ажил, арга хэмжээг төлөвлөн 92,6 хувийн биелэлттэйгээр гүйцэтгэж өмнөө тавьсан зорилго зорилтуудаа бүрэн хангажээ.

2022 онд Батлан хамгаалах яам төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилтыг хангахад ахиц гаргасан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, томоохон төсөл, арга хэмжээгээ урагшлуулсан, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулсан, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангасан зэрэг ололттой олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг УИХ-аар батлуулан, Цэргийн тагнуулын газрыг Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцэд шилжүүлсэн.

-Өнгөрсөн оны 03 дугаар сард “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын даргад өргөн барьсан.

-“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж байна. Үүнээс гадна “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар шинэчлэн батлуулсан.

-“Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийн дагуу 2022 онд анх удаа “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалт”-ыг Өвөрхангай аймгийн Цэргийн штабтай хамтран амжилттай зохион байгуулж явуулсан. Энэ онд тус “Хээрийн дадлага” сургалтыг хэд хэдэн аймагт зохион байгуулна.

-Засгийн газрын хуралдаанаар цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон. Үүний үр дүнд алба хаагчдын албандаа хандах хандлага, итгэл үнэмшил нэмэгдэж, мэдлэг чадвараа хөгжүүлэх, албан тушаал эзэмшсэн мэргэжилдээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн.

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 2022 онд Бүгд Найрамдах Филиппин Улстай “Батлан хамгаалах яамд хоорондын цэргийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай “Батлан хамгаалах яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус анхлан байгуулж, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Мөн гадаад улс орнуудтай хамтарсан “Хааны эрэлд-2022”, “Сэлэнгэ-2022”, “Восток-2022”, “Бланс Межик-2022”, “Бүс нутгийн хамтын ажиллагааны олон улсын команд штабын сургууль, ”Кобра голд”команд штабын сургууль, “Зам” инженерийн сургууль зэрэг хээрийн сургууль, хамтарсан дадлагуудыг амжилттай зохион байгууллаа.

-Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх ажлын хүрээнд 36 нэгж автотехник, тусгай тоноглолтой техник, хэрэгслийг Зэвсэгт хүчний 8 анги байгууллагад, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 29 нэгж автотехник, тусгай тоноглолтой автомашиныг шилжүүлэн хүлээн авч, Зэвсэгт хүчний 7 анги байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ҮБХИС-ийн ном, мэдээллийн төвийн барилга, Зэвсэгт хүчний хөгжлийн сан болон Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлаас олсон орлогоор Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штаб, Агаарын цэргийн командлалын харьяа 3 тусгай салбарын алба хаагчдын 8 айлын орон сууц, , Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн онгоцны ангарын барилга, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд жишиг 200 цэргийн алба хаагчийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулснаас гадна Зэвсэгт хүчний зарим ангиудын цэргийн байр, гал тогоо, агуулахуудын их болон урсгал засварын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

ҮБХИС-ийн ЦНДС-ийн офицер бэлтгэх сургалтын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулсан, “Алдар” спорт хорооны баг, тамирчид Монголын Бүх ард түмний спортын XV их наадамд тэргүүлсэн, улсын хэмжээнд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгуулсан, Цэргийн төв эмнэлэг тоног, төхөөрөмж, хүчин чадлын хувьд улам сайжирсан.

Мөн  Авлигатай тэмцэх газраас явуулдаг шударга байдлын үнэлгээгээр 2021 онд БХЯ нь 16 яамдаас 69,5 оноогоор 14 дүгээрт эрэмбэлэгдсэн бол 2022 онд тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн зэрэг онцлох ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.

Үүний дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-ны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Батлан хамгаалах салбар нэлээдгүй ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод энэ ондоо дотоод нөөц, бололцоо бүхий л зүйлээ дайчлан ажиллаж илүү их зүйлийг хамтдаа хийж бүтээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж дараах үүрэг чиглэлийг бие бүрэлдэхүүнд өгсөн юм.

Үүнд, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, 

-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн гүйцэт биелүүлэхэд анхаарч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд боловсруулсан хуулиудыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ар эцэслэн батлуулах,

-Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн засварлах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар батлуулах,

-Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнд шаардлагатай туршилт, судалгаа, шинжилгээний ажлыг нэмэгдүүлэх, тасралтгүй зохион байгуулах,

-Сумны үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлж энэ ондоо багтаан ашиглалтад оруулах,

-Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраар батлуулах,

-Батлан хамгаалах бодлого, зорилтыг ард иргэдэд сурталчлах, таниулах, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх соён гэгээрлийн ажлыг эрчимжүүлэх,

-БХЯ-ны харьяа ТӨАТҮГ-уудын ашиг, орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг танах,

-Цэргийн алба хаагчдын мэргэжил болон бие бялдрын бэлтгэжилтийг дээшлүүлэх, аливаа албан тушаалд томилогдохдоо төрийн албаны мерит зарчмаар дэвшдэг байх зэрэгт онцгой анхаарч ажиллахыг бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.  


Батлан хамгаалах яам 2022 оны ажлаа дүгнэлээ  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй