Шууд Chart

П.Отгонтуяа: “Өв түгээ” төслийн хүрээнд уламжлалт мэдлэгийг агуулсан боловсролын контент бүтээнэ

2023-02-15 12:39:28

МҮОНРТ-ийн Төрөлжсөн сувгуудын захирал Пүрэвжавын Отгонтуяатай ярилцлаа. Тэрбээр “Өв түгээ” зорилтот төслийн удирдагч бөгөөд уг төсөл ямар агуулгатай, хэрхэн хийгдэх, үзэгчдэд хэзээ хүрэх талаар тодруулсан юм.

-“Өв түгээ” зорилтот төслийн талаар та манай сайтын уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү ...

-МҮОНРТ хуулийн дагуу үзэгчдийн өмнө хүлээсэн олон үүрэгтэй. Тэдний нэг нь үндэсний ёс заншил, өв уламжлал, соёлоо түгээн дэлгэрүүлэх. Энэ үүргийнхээ хүрээнд “Өв түгээ” зорилтот төслийг хэрэгжүүлэхээр эхлээд байна. Монголчуудын үеэс үед уламжилж ирсэн 15 орчим үнэт өв ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн. Морин хуур, уртын дуу, хөхүүрийн айраг исгэх ёс, хөөмэй, монгол наадам, цуур хөгжим  зэрэг 15-н өвийг яаралтай хамгаалах шаардлагатай  биет бус өв гэж тодорхойлоод бүртгэж авсан байдаг. Эдгээр өвүүдийг хадгалж хамгаална гэдэг нь аль болох олон хүнд түгээн дэлгэрүүлж байж хамгаална гэсэн үг. Тийм учраас өв уламжлалаа таниулж өв тээгчдийг бий болгох нь бидний үүрэг.Эдгээр өвийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүс бол ардын авьяастанууд, эгэл жирийн малчид, мэргэжлийн урлагийн байгууллага, судлаачид, үндэсний спортын тамирчид гэж үзэж болно. “Өв түгээ” төсөл эхний дугаартаа үндэсний бөхийн спортынхонтой хамтарна. Яагаад гэвэл үндэсний бөхчүүд хамгийн олон өвийг тээж яваа хүмүүс, нөгөө талаар үзэгчдийн хамрах хүрээ нь ч өргөн гэдэгт төслийн багийнхан санал нэгдсэн. Бөхийн спортыг сонирхож үздэг, тэднээс дууриалал авдаг хүмүүсийн тоо 300 мянга орчим байна. Тэд цаашлаад гэр бүл, найз нөхөддөө энэхүү өвийг таниулахад дам нөлөө нь хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой.

-Ямар бөхчүүдийг төлөөлүүлж, төсөлдөө хамруулах гэж байгаа вэ?

-Бидний саналыг дэмжиж, төсөлд оролцохоор Монгол Улсын аварга С.Мөнхбат, О.Хангай, улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар нэгдсэн. Тэд тус бүрдээ зургаан бөхийг багтаа сугалаагаар сонгон хамтарсан бэлтгэл хийж, өв уламжлалаа бидэнтэй хамт үзэгчдэд түгээнэ. Багт нь багтах нийт 24 бөхийг бид ярилцаж байгаад өнөө цагт ид барилдаж байгаа өсөх ирээдүйтэй залуучуудаас сугалаагаар сонгоно. Баг тус бүр соёлын өвүүд болох уртын дуу, уран бичлэг, хөөмэй зэрэгт суралцах, техникийг нь эзэмших сорилтуудыг давна. Үзэгчид ч өөрсдийн шүтэж хүндэлдэг бөхчүүдтэйгээ хамт эдгээр өвийг суралцах шинэ давалгаанд нэгдэх боломжтой. Долоо хоногт нэг, нийт зургаан дугаар гарах бөгөөд эхний дугаар битүүний өмнөх өдөр үзэгчдэд хүрнэ. Төгсгөлийн буюу ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт гарах дугаарт зургаан багаа халз барилдуулна. Бидний ажлыг МҮБХ таатай хүлээн авч, Монгол бөхийн өргөөнд барилдааныг зохион байгуулахаар болсон. Төсөлд зөвхөн үндэсний бөхчүүдээс гадна  судлаачдын баг оролцож өв уламжлалаа сурталчлах ажилд нэгдэнэ. Төслийн хамгийн гол зорилго нь цуврал нэвтрүүлгийн турш гарсан уламжлалт мэдлэгийн агуулгаараа бид боловсролын контент бүтээхээр зорьж байна. Энэ контент нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан ном, сэтгүүл, анимэйшн бүтээл, радио нэвтрүүлэг, подкаст зэрэг ямар ч хэлбэрээр байж болно гэж төлөвлөж байна.  

-Төслийн эхний ажилд үндэсний бөхчүүд оролцох нь. Дараагийн төслөөр ямар соёл түгээгдэх вэ?

- Ер нь эрийн гурван наадмаараа төлөөлүүлж хийх төлөвлөгөөтэй байгаа. Адууны соёлыг түгээх үүднээс адуучин залуус, уяачид оролцож болно. Эндээс байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах, мал ахуйгаа маллах монгол ёс, цаашлаад ан амьтан, бэлчээр усаа хамгаалахад уламжлалт болон орчин үеийн арга барилтай хослуулах, улирал цаг агаараа таньж мэдэх гээд олон уламжлалт мэдлэгүүд гарч ирэх боломжтой.  Ямартаа ч эхний дугаараа үзэгчиддээ хүргээд гол санаагаа хэлж боловсролын контентоо үйлдвэрлэнэ. Нэмж хэлэхэд манай улс зарим соёлын биет бус өвөө гадны улсад алдаад байна. Тиймээс яг өнөө цагт тээж яваа хүмүүсийг оролцуулж, контент болгон дэлгэрүүлээд ЮНЕСКО-гийн үндэсний комисст хүргүүлвэл энэ төрөлд ажиллаж байгаа бусад хүмүүсдээ ч нэмэр болох болов уу. Тийм учраас сэдэв бүр маань нэг зорилгыг гаргаж бодит ажил болгох боломжтой.    

-Төслийн багт ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-Төслийн санаачлагчаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, ерөнхий найруулагчаар Ж.Амартүвшин, продюсероор “MNB Sport” сувгийн продюсер Ц.Лхагвадаш, “MNB Sport” сувгийн хамт олон ажиллаж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Отгонтуяа: “Өв түгээ” төслийн хүрээнд уламжлалт мэдлэгийг агуулсан боловсролын контент бүтээнэ  
Үзсэн: 1555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй