Шууд Chart

Өмнийн говьд сүндэрлэж буй Монголын "Цахиурын хөндий"

2023-03-14 14:32:37

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Мөнхчимэг ирээдүйн мэргэжлээ аравдугаар ангидаа сонгожээ. Тэрбээр бахархаж хүндэлдэг ахынхаа мэргэжлээр суралцаж, ирээдүйд хүүхдүүдийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг хийсэн хүмүүсийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа. Мөнхчимэг анх энэ мэргэжилд дурлахдаа эмэгтэй хүн цагдаагийн ажлыг сайн хийж чадах болов уу гэдэгт эргэлзэж байв. Харин өнгөрсөн жил ахтайгаа хамт ажил руу нь очихдоо ажил үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн олон эмэгтэй алба хаагчийг харж, өөрийг нь түгшээж байсан хэвшмэл ойлголтоо халж чаджээ.

Мөнхчимэг мөн Өмнөговь аймгийн хүүхэд залуусын мэдээлэл технологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цахим говь” төрийн бус байгууллагын робот угсарч програмчлах Робокит хоёр сарын хөтөлбөрт 2022 онд хамрагджээ.

“Цахим говь” төрийн бус байгууллага 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш найман түвшний Роботикт суурилсан шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик /STEM/ хөтөлбөрт орон нутгийн 500 гаруй сурагчийг хамруулсан юм. Тус байгууллага технологийн салбар дахь охидын оролцоог нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутгийн дотуур байрны охидод зориулан сургалт явуулахад Номгон сумаас Даланзадгадад очсон сурагч Мөнхчимэг оролцсон аж. Мөнхчимэг ирээдүйн мэргэжлээ хэдийн сонгосон, инженер техник, мэдээллийн технологийн мэдлэг хуримтлуулах хүсэл эрмэлзэлтэй ч гэлээ “дандаа” эрэгтэй хүүхдүүд хамрагддаг сургалтад явна гэж бодож байсангүй. Гэтэл түүний элсэн орсон анги, бүр тухайн элсэлт дотуур байранд амьдардаг охидоос бүрдсэн байсан нь итгэл төрүүлжээ. Мөн робот угсрах, програмчлах хичээл, “Цахим говь” төрийн бус байгууллагын захирал Э.Эрдэнэсувд багшийн танилцуулсан инженер техник, мэдээллийн технологийн салбарын тухай илтгэл лекцийн үр дүнд дахин нэг хэвшмэл ойлголтоо халсан байна. Энэ талаараа Мөнхчимэг “Би өмнө нь цагдаагийн ажил албанд инженер техник, мэдээллийн технологийн мэдлэг хамааралгүй гэж боддог байсан. Робокит хоёр сарын хөтөлбөрт хамрагдаад техник, мэдээллийн технологи асар өндөр хөгжсөн энэ зуунд ямар ч ажил мэргэжил эрхэлсэн компьютер, мэдээллийн технологийн суурь мэдлэгүүдийг эзэмшсэн байх шаардлагатайг ойлгож авсан. Надтай хамт Робокит хоёр сарын хөтөлбөрт хамрагдсан бусад сурагч ч адил сэтгэгдэлтэй болсон байх” гэв. Тиймээс хүүхэд бүр энэ сургалтад хамрагдаасай гэсэн бодолтой тус хөтөлбөрийг дүүргэжээ.

ЭМЭГТЭЙН ТҮҮХ /HERSTORY/

"Чи бол далайд орсон дусал биш. Чи бол дусал доторх бүхэл бүтэн далай юм."

Жалал Аддин Руми

Одоогоос 23 жилийн тэртээ дэлхий дахин тэр тусмаа хөгжиж буй орнууд хоёр дахь мянган болон XXI зууны эхлэлд өндөр ач холбогдол өгч байлаа. Учир нь нэгээс нөгөө он солигдох мөч бус дэлхий дахин мэдээллийн технологийн салбарын дэвшил, ололт амжилтын үр дүнд бөөрөнхийгөөс "хавтгай"-руу шилжиж байв. 2000 оны намар Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 38 дугаар сургуулийн төгсөгч 15 настай Энхтайваны Эрдэнэсувд Багшийн их сургууль /одоогийн Монгол Улсын Боловсролын их сургууль/-ийн Хятад хэлний багш, орчуулагчийн ангид элсэв. Гэр бүлийнхэн нь түүнийг математикийн багш ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаад баяр хүргэж, амжилт хүсээд тухайн үеийн хамгийн шинэ загварын "Нокиа" гар утсыг бэлэглэсэн нь хүн бүрд байдаггүй ховрын эд. Ингэж анх Эрдэнэсувд гар утастай танилцжээ. Тухайн үед интернэт өнөөтэй адил элбэг дэлбэг байгаагүй бөгөөд интернэт кафе ч түгээмэл бус. Эрдэнэсувд Удирдлагын академид мэргэжил дээшлүүлэхээр сурч байсан ээжийнхээ оюутны үнэмлэхээр интернэт кабинетад нь суух болсноор интернэттэй, компьютертой анх танилцаж, дэлхийтэй холбогдож эхэлжээ. Тэрбээр гуравдугаар курсээсээ Монголын радиод дадлага хийж, 19 настайдаа Монголын радиод албан ёсоор ажилд орж орчуулагч редактор, сэтгүүлчээр ажиллах болов. Тухайн үед радиогийн сэтгүүлчид орчуулга, мэдээ, бичвэрүүдээ гараар, бичгийн машинаар бичдэг байсан бөгөөд түүний ажиллаж байсан редакц Монголын радиогийн компьютертой цөөхөн хэдэн редакцын нэг байжээ.

Эрдэнэсувд Хятадын олон улсын радиод урилгаар хоёр жил ажиллахаар болов. Тэнд радиогийн салбарт нэвтэрч буй шинэ технологи, ажлын арга барилтай танилцлаа. Тухайлбал, радиогийн сурвалжлах баг томилолтоор явахдаа зөвхөн дууны бичлэг бус дүрсний бичлэг ч давхар хийдэг аж. Хятадын олон улсын радио дэргэдээ интернэт телевизтэй бөгөөд дууны бичлэгээ радиогийн бүтээлдээ ашигладаг бол дүрсний бичлэгээ баримтат кино, кинонд ашиглаж буйг хараад интернэтэд суурилсан телевиз, радио ирээдүйд хүчээ авна, технологийн шинэ дэвшлийг түрүүлж ашигласан нь илүү үр шим хүртэнэ гэдгийг олж харсан байна.

Үргэлжлүүлэн Эрдэнэсувд 2009-2012 онд Шанхайд сурч Хэвлэл мэдээллийн байгууллагын гадаад харилцааны чиглэлээр мастер хамгаалав. Ийн Монголдоо ирээд урд хөршид сурсан мэдсэн бүхнээ өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх, хэвшүүлэхийг хичээж Монголын радиогийн алба редакцуудын сошиал хуудас, МҮОНРТ-ийн цахим сайтын хөгжүүлэлт дээр ажиллаж, Монголын анхны таван подкастын гурвыг нь санаачилж эхлүүлжээ. Тухайн үед англи хэлээр бүх эфирээ нэвтрүүлэх Монгол Улсын анхны телевизийн сувгийг нээхээр болоход Э.Эрдэнэсувд уригдаж, Ерөнхий редактораар амжилттай ажилласан. Энэ онд “MNB World” сувгийн таван жилийн ой тохиох юм.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ

“MNB World” сувгийн үйл ажиллагаа жигдэрсний дараа Эрдэнэсувд ажлаа өгч хагас жилийн төлөвлөгөөтэй Европыг зорьсон. Энэ төсөлд ВВС-ийн хоёр мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан бол түүний дараагийн аялал “BBC North” байрладаг “Media city UK” гэгддэг Хойд Английн Манчестер хот байв. Анх англи хэл гүнзгийрүүлж сурахын хажуугаар BBC-тэй танилцах даруухан хүсэлтэй очсон ч төгссөн их сургуулиудынх нь профессоруудын бичиж өгсөн маш сайн тодорхойлолтуудын тусламжтай дижитал болон глобал медиа чиглэлээр сурах, BBC-д дадлага хийх Лондонгийн Westminster их сургуулийн урилга хүлээн авчээ. Удалгүй Эрдэнэсувд “Эргэлтийн цэг”-тэй нүүр тулав.

Ганц тэр гэлтгүй дэлхий дахин “Эргэлтийн цэг”-тэй учирсан нь "Ковид-19" цар тахал байсан юм. Цар тахлын нөхцөл байдлаас болж түүний бүх төлөвлөгөө өөрчлөгдөж, 2020 оны гуравдугаар сард Монголд эргэн ирэхээр байсан ч есдүгээр сард эх орондоо газардсан. Энэ зургаан сарын хугацаанд чартерын нислэг хүлээж байхдаа интернэт ашиглаж гадаадад гацсан 10 мянга орчим монгол иргэнээ мэдээллээр хангах ажил зохион байгуулж, гадаадад байгаа монголчууддаа туслах хандивын аян өрнүүлж байв. Тухайлбал, АНУ-д цөсний хагалгаанд орох нэн шаардлага үүссэн мөнгө байтугай байрлах байр ч үгүй монгол хүндээ туслах хандивын аяныг интернэтээр өрнүүлж мэс заслын зардлыг нь шийдэж чаджээ. Цар тахал Эрдэнэсувдыг өөрөө хүнд байдалд байгаа ч өөрөөс нь хүнд нөхцөлд байгаа хүмүүст туслах арга зам эрэлхийлэхэд хүргэсэн бөгөөд тэр амьдралын үнэ цэн болоод бүх л зүйлийг өөр нүдээр харж, сэтгэлийн илүү их тэнхээтэй байх ёстойгоо ойлгож авчээ. Энэ талаараа “Нийгмийн асуудлын гүнд орж ажиллаж байж асуудлыг түрхэн зуурт бус үндсээр нь шийдэх гарц шийдэл боловсруулна гэдгийг ойлгосон” гэв. Энэ “Эргэлтийн цэг” өөрийн сурч ажиллаж буй салбар, дараа дараагийн зорилго зорилтоо 180 градус өөрчлөх хүчтэй сэдэл болжээ. 

ЦАХИМ ГОВЬ /E-Gobi/

Монголд ирээд тухайн үед хэрэгжиж байсан цар тахлын дүрэм журмын дагуу 35 хоног тусгаарлагдаад Эрдэнэсувд маргааш нь шууд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдрахаар гэр бүлээрээ нүүжээ. Учир нь, бүсчилсэн хөгжилд хувь нэмэр оруулах замаар говийн бүсийг хөгжүүлэх, цаашлаад Улаанбаатар хот руу чиглэсэн төвлөрлийг тодорхой хэмжээнд сааруулах том амбицтай 2017 онд эхлүүлсэн санаачилгаа үргэлжлүүлж, энэ хүрээнд найзуудтайгаа хамтран байгуулсан "Цахим говь" ашгийн бус байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар ажиллахаар шийдсэн байна. 2017 онд хийсэн судалгаагаар Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид математик, мэдээлэл зүй, англи хэл зэрэг орчин цагийн боловсролын болон шинжлэх ухааны суурь хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө улсын дундажтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт авсан нь “Цахим говь” санаачилгын эхлэлийг тавьжээ.

Орон нутгийн иргэдийн найрсаг харилцаа хандлага, утаа, түгжрэлгүй, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд аюул эрсдэлгүй орчин Эрдэнэсувдад маш их таалагдсан ч нийслэлд төрж өссөн, өмнө нь орон нутагт удаан хугацаанд байж үзээгүй учир маш олон сорилттой тулгарчээ. Үүнээс боловсролын болон эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломж хомс байгааг анзаарч уг үйлчилгээг авахын тулд орон нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорьж байгааг анзаарчээ. Тиймээс хөдөөг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд энэ хоёр үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт хийж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд орон нутагт түгээмэл бус боловсролын үйлчилгээг аймагтаа олгож чадахуйц сургалтын төв байгуулахаар шийдэв. Ийн М.Шинэцэцэг найзынхаа гэр сургалт маягаар үйл ажиллагаа явуулж байсан Роботын урланг өргөжүүлж, Өмнөд Солонгосын найман түвшний Роботикт суурилсан STEM хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон уг хөтөлбөр робот угсарч, командлах үйлдэл хийлгэх явцдаа шат ахих тусам программын тухай суралцагчдын ойлголт, мэдлэгийг улам тэлэхийн зэрэгцээ ургуулан, төсөөлөн бодох, зохион бүтээх, багаар ажиллах, бусадтай харилцах зэрэг чадварыг цогцоор нь хөгжүүлдэг. Уг хөтөлбөрийн анхны элсэлтүүдийн 95 хувь нь хөвгүүд байсан бол НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутгийн дотуур байрны охидод зориулан сургалт явуулснаар өнгөрсөн жилээс нийт суралцагчдынх нь 30 хувийг охид бүрдүүлсэн аж. Тэдний нэг нь Мөнхчимэг байв.

Эрдэнэсувд орон нутгийн дотуур байрны охидыг сургалтад хамруулах үеэрээ технологийн салбарт эрчүүд л ажилладаг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийн тулд Улаанбаатараас хакер бүсгүйг Даланзадгадад урьж элсэгчдэдээ лекц уншуулжээ. Тус сургалтын дараа эцэг эхчүүд ч технологи, инженерийн салбарын үр ашгийг ойлгож охидоо робот угсрах, програмчлах хичээлд хамруулахаар хандах нь нэмэгдсэн аж. Эрдэнэсувд эмэгтэй суралцагчдаа Европ, Америкийн дэлхийд алдартай их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулахаар судалсан бөгөөд англи хэлний мэдлэгийг нь сайжруулчихвал монгол охид хамрагдах боломж байгааг олж мэджээ.

Технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүйсийн ялгаагүй адил тэнцүү ашигладаг ч гэлээ хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн түвшинд өмнө нь эрчүүд зонхилон ажилладаг байв. Энэ нь тухайн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчүүдэд илүүтэй зориулагдах, эмэгтэй худалдан авагчдын тоо буурах сөрөг үр дүн дагуулдаг. Тиймээс технологийн дэлхийн хэмжээний компаниуд тухайлбал, “Самсунг” шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хөгжүүлэлт, үйлдвэрлэлд эмэгтэй инженер мэргэжилтнүүдийг түлхүү хамруулах болсон билээ. Эрдэнэсувд “Дэлхийн хэмжээний технологийн компаниудад Монголоос олон эмэгтэй инженер, мэргэжилтнээр ажиллах шав суурийг тавьж өгөхийг мөрөөддөг” гэдгээ хэлэхэд тэр энэ хүслээ хэдийн биелүүлсэн санагдав. Учир нь Ази, Номхон далайн бүс нутгийн оны шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах “Women in Tech-2022” ёслол өнгөрсөн намар Малайзын Куала Лумпур хотод болсон бөгөөд “Цахим говь” төрийн бус байгууллага Технологийн салбар дахь охидын оролцоог нэмэгдүүлсэн болон бусад амжилтаараа “Most Impactful Initiative” төрөлд шилдгээр шалгарсан. Мөн бусад аймгийн багш нар “Цахим говь”-иос туршлага судалж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Робот урланд нь очиж ажиллахдаа тус төрийн бус байгууллагын Роботикт суурилсан STEM хөтөлбөрийг хүүхдүүдэд цогц чадамж олгож буй жишиг сургалт байна гэж үнэлжээ. Түүнчлэн “Юнител” компанитай хамтран иргэдийн технологийн боловсролыг дэмжих төслийг 21 аймагт зохион байгуулах, Дархан-Уул аймагт байгуулсан “Unitel hub”-д орон нутгийн дотуур байрны охидыг хамруулсан Робокит сургалтаа нутагшуулах ажил өрнөж байна. 

Технологийн тусламжтай хот, хөдөөгийн ялгаа алга болж буй энэ цаг үед "Цахим говь" төрийн бус байгууллага ирээдүйн том зургаа хэдийн гаргажээ. Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулагдсан бөгөөд дөрвөн мэргэжлээр элсэлт авсны нэг нь мэдээллийн технологийн анги аж. Мөн орон нутгийн удирдлага, “Оюу толгой” компани их сургуулийн хотхон болон Дата центр байгуулахаар зорьж байгаа бөгөөд ирээдүйд төвлөрөл бий болж, хүүхэд залуучуудад орчин цагийн тренд мэргэжлийг орон нутагт эзэмших, дэлхийн хэмжээний болон улсынхаа хамгийн том орд, уурхайд дадлага хийж, их сургуулиа төгсөөд шууд өндөр цалин, хангамжтай ажилд орох зэрэг асар том боломж нээгдэх юм. Үүнтэй зэрэгцэн “Цахим говь” төрийн бус байгууллага дэргэдэх сургалтын төвөө ирээдүйн оюутнуудыг бэлтгэх Технологийн бүрэн дунд сургууль болгон өргөжүүлэхийг зорьж байна. Энэ талаараа Эрдэнэсувд “Технологийн салбараа илүү хөгжүүлж чадсан улсын иргэд баян чинээлэг, өндөр бүтээмжтэй байна. Ойрын болон холын ирээдүйд тренд болоод буй энэ салбар зөвхөн Улаанбаатар хотыг хамрах ёсгүй. Монгол Улс цахим үндэстэн болох цахим шилжилт хийхдээ орон нутгийг орхигдуулахгүй улс орон даяараа цахим шилжилт хийж чадвал нийслэл рүү чиглэх төвлөрөл алга болно. Цаашлаад дэлхийн дулаарлыг шийдэх нэг арга зам нь технологи гэж харж байгаа. Мөн технологийн бүрэн дунд сургуулиа тав орчим жилийн дараа орон нутгийн иргэдийн, нийтийн оролцоотой Олон нийтийн технологийн сургууль болгох хүсэлтэй байна” хэмээв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өмнийн говьд сүндэрлэж буй Монголын "Цахиурын хөндий"  
Үзсэн: 2388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-15 20:12
Өмнөговь аймагт мэдээллийн технологи, инваци гээд олон сайхан зүйлсийг манай хүүхдүүдэд сургаж байгаа Эрдэнэсувд багш болон багийнханд нь баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй