Шууд Chart

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтэд иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч байна

2023-03-20 14:12:57

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, гурван сарын хугацаанд зохион байгуулагдсан гурван шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг улс орон даяар сонсож, нотлох баримтад тулгуурлан шинжилсэн.

Эхний шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.3 их наяд төгрөгийн 77 зээлийн зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтад тулгуурлан, шинжлэн судалжээ. Хоёр дахь шатны сонсгол хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд болж, 2.9 их наяд төгрөгийн 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалтыг нотлох баримтад тулгуурлан шинжлэн судалсан юм. Түүнчлэн гурав дахь шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжилж, 2542 төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ сүүлийн 10 жилийн хугацаанд Хөгжлийн банкны мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн, олон нийтэд нээлттэй, ил тод дамжуулсан юм. Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатны сонсголд  67, гурав дахь шатны сонсголд 123 гэрч, нийтдээ 356 гэрч оролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тэгвэл уг тайлан, дүгнэлтэд иргэд, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авч эхэллээ. Тодруулбал, иргэн та 2023 оны 3 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийг дуустал D-Parliament вэб хуудас болон аппликейшнээр нэвтрэн, Санал асуулга цэсийг сонгож, санал өгөх товчийг дарснаар, өөрийн саналаа Хянан шалгах түр хороонд илгээх боломжтой.

Ингэснээр таны саналыг түр хорооны тайлан, дүгнэлтэд нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.


Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтэд иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч байна  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй