Шууд Chart

ТББХ: УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

2023-03-21 13:42:55

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон хэмээн тайлбарласан байна.

Мөн тэрбээр хүсэлтдээ, сүүлийн жилүүдэд концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машины зэрэг олон асуудалд өөрийг нь хилсээр нэр холбож буйг дурдаад, эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Дээрх хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Жамъянгийн Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхөөр тусгасан УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


ТББХ: УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй