Шууд Chart

ЭЗБХ: Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв

2023-03-21 19:36:36

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны энэ оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, тогтоол гаргав.

Цаглавар батлах тухай асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, чуулганы завсарлагаар иргэд, сонгогчидтой уулзаж явахад тэднээс хамгийн их дэвшүүлж байсан асуудал бол инфляц нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ ханш өсөж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч буй тухай байлаа. Тэгэхээр энэхүү цаг үеийн асуудлыг Байнгын хороо авч хэлэлцэх шаардлагатай байна. Мөн CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд түрэгдэж, зах зээлээ алдаж байгаа худалдаа эрхлэгчид, найман нэрийн барааны болон хүнсний дэлгүүр, цайны газар, жижиг ресторануудын эрх ашгийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, цаглаварт тусгасан томоохон хуулийн төслүүд, тухайлбал Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Аялал жуулчлалын тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг хуулийн төслүүд дээр дэд ажлын хэсгүүдийг ажиллуулахаар тусгасныг сайшаагаад, Улсын Их Хурлаас удирдах албан тушаалтныг томилдог байгууллагуудын үйл ажиллагаа болон төр, засгийн томоохон зорилт, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар 4, 5, 6 дугаар саруудад Байнгын хороогоор тайлан мэдээллийг нь сонсох санал гаргалаа. Тухайлбал, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хэрэгжилт ямар байгаа, 2030 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8000 ам.долларт хүрч чадах эсэх, бүтээмжийг өсөлт, түүний тооцож байгаа аргачлал, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтын хэрэгжилт зэрэг асуудлуудаар сонсгол, мэдээллийг цаглаварт тусгаж хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны нэгэн адил чөлөөт зах зээлийг хамгаалах талаар тодорхой санал, санаачилга гаргах, инфляц, мөнгөний бодлогын талаар холбогдох байгууллагад зөвлөмж, дүгнэлт өгч ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн  газраас энэ оны нэгдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийв. Тогтоолын төсөлд, төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар тусгасан байна. Үүнд нийт аймаг, нийслэлийн өмчлөлд төрийн өмчөөс барилга байгууламж, эд хогшил, тавилга, авто машин зэрэг 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэхээр заажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг ямар шалгуур, арга зарчмаар хуваарилсан тухай болон тавилга, ширээ сандал хуваарилах гэх мэт асуудлыг парламентаар хэлэлцэхээс илүү төрийн өмчийн бодлого, засаглалыг сайжруулах, үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх зэрэг бодлогын асуудлыг хэлэлцэж байх шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ЭЗБХ: Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй