Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2023-03-23 14:18:14

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар тус тус танилцууллаа.

Дараах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан тус газрын эзэмшилд байсан төрийн өмчийн эд хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт шилжүүлэх; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцдаг байгууллагууд аймаг, нийслэлийн өмчид шилжсэнтэй холбогдуулан шинээр баригдсан болон хуучин ашиглаж байсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ, зохицуулалт, хэрэглээнээс хамаарч орон нутгийн өмчид байлгах шаардлага үүссэн байна.

Мөн нийтийн эзэмшилд зориулан улсын төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит байгууллага хариуцах; Нийгмийн эрүүл мэндийн түргэн тусламж, үйлчилгээ, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад эд хөрөнгө шилжүүлэх; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинуудыг алслагдсан сумдын цагдаагийн, эрүүл мэндийн байгууллагууд болон хот тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн байгууллагад шилжүүлэх шаардлагын хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын дарга холбогдох асуудлыг цогцоор хэлэлцүүлэх, хууль санаачлагч хэлэлцүүлэгт оролцох шаардлага тавиад “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй