Шууд Chart

АБГББХ: Хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ

2023-03-23 19:10:17

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар  “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав. Монгол Улс дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлнэ гэж сайд мэдээллээ.

Мөн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх аж. Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хэлэлцээрийн хэлэлцэн тохиролцогч талууд, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн хүлээн зөвшөөрч, бусад оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцлийг хөнгөвчлөх боломж бүрдэх юм байна.

Бусад улс оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангид хяналт тавих, тэдгээр нь техникийн дүрэмд тавигдсан шаардлагад нийцээгүй бол, доголдол гэмтэл гарсан бол, мөн үйлдвэрлэгчийн мэдүүлсэн техникийн үзүүлэлтэд тохирохгүй бол энэ тухайгаа бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг томилон ажиллуулна хэмээн танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Гадаадаас хуучин, эсвэл осолд орсон машины сэлбэг нэрээр оруулж ирээд засаж сэлбээд зардаг талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Ийм машинаар зорчих нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын амь насанд хохирол учруулах эрсдэлийг бий болгох нь мэдээж. Энэ конвенцод нэгдсэнээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх үү. Хуурамч, үйлдвэрийн бус сэлбэг оруулж ирдэг явдлыг зогсоож чадах уу хэмээн лавласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын хариулснаар, эвдэрсэн машиныг сэлбэг байдлаар оруулж ирэн угсардаг, үйлдвэрлэсэн он, арлын дугаарыг засдаг явдалд конвенцод нэгдэн орсноор цэг тавих юм байна. ГЕГ-аас хийсэн судалгаагаар 2018 онд 497, 2019 онд 1011, 2020 онд 641 ашиглах боломжгүй, эвдрэлтэй машин орж иржээ. Эдгээрийг вьетнам засварын газарт засаж худалдаалдаг байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тухайн оронд ашиглахыг хориглосон тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон аж. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн журамд хуучин машины ашиглалтын түүхийг нь дагалдуулж оруулж ирэх зохицуулалтыг тусгасан байна. Энэ мэтээр олон зохицуулалтыг тусгасан ч хуулийн байгууллагуудаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгжихэд саад учраад байгаа гэлээ. Тиймээс Авто тээврийн тухай хуулийн төсөлд гэмтэлтэй тээврийн хэрэгслүүдийг импортоор оруулж ирэхгүй, бүртгэж авахгүй гэсэн зохицуулалтуудыг тусгаад байгаа гэсэн хариулт өгсөн.

Мөн буруу талдаа жолооны хүрдтэй машин импортлох асуудлыг хэрхэн цэгцлэх, машин экспортолж буй улсуудаас тухайн машины ашиглалтын түүхийг хамтад нь авч болох эсэх талаар УИХ-ын гишүүд тодруулж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.


АБГББХ: Хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй