Шууд Chart

Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ

2023-03-23 19:12:25

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгох юм байна.

“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж буй санал, санаачилга, дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт өрнүүлэх харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно хэмээн сайд С.Бямбацогт мэдээлсэн.

Конвенцод нэгдэх нь ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад нээлттэй бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын байдлаар  Австрали, Япон, Франц, Норвег, Швед, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Эстони, Литва, Армени зэрэг дэлхийн 21 улс  гэрээнд нэгдэн орсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 5-нд  Дэлхийн конвенц хүчин төгөлдөр болжээ.

ЮНЕСКО-гоос дэлхий дахины дээд боловсролын тухай анхны гэрээ бодитой болсноор боловсролын шинэ эрин эхэлж, дээд боловсролын уян хатан байдал, хүртээмжид хандах хандлагад хувьсгал гарна гэж үзэж байгаа аж.  Учир нь конвенц нь дээд боловсролын хүртээмжийг ардчилах, өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас илүү олон талт байдал, уламжлалт аргаар суралцахаас илүү уян хатан арга барилыг дэмжиж, чанартай дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болох аж.

Конвенцод нэгдэн орсноор дээд боловсролын мэргэшлийг шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүйгээр хүлээн зөвшөөрч, дээд боловсрол эзэмших боломжийг олгож, цаашдын суралцах, ажилд орох боломжийг олгодог нийтлэг зарчмууд хэрэгжинэ гэж сайд танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн зайны сургалтаар олж авсан иргэний мэргэшил, өмнө нь суралцсан болон суралцах хугацааг хүлээн зөвшөөрөх, шилжин суурьшсан иргэд насан туршийн боловсрол, сургалтад хамрагдах боломж бүрдэх юм байна. Мөн дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутаг хоорондын санал, бодлого, инновац дэмжигдэх,  дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёл төлөвших, чанарын баталгаажуулалт найдвартай, уялдаа холбоо, чадавх бэхэжнэ гэлээ.

Дээд боловсролын тогтолцоо, эрдмийн зэрэг, цол, чанарын  баталгаажуулалтын талаарх үнэн зөв мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс дээд боловсролын мэдээллийг нэгтгэх, түгээх чиг үүргийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хариуцан ажиллах бөгөөд энэ нь одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Боловсролын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах юм байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй