Шууд Chart

УИХ: Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

2023-03-24 18:21:11

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлснийг танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Засгийн газрын тэргүүний шийдвэрийн үндэслэл шалтгаан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүнгийн талаар лавласан юм.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, би өөрийн хүсэлтээр сайдын албанаас чөлөөлөгдсөн. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт надаар хийлгэхээр даалгасан ажил бол хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудал байсан. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл 4-5 Засгийн газар дамжсан байсан. Энэ багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд та бүхний дэмжлэгтэйгээр эхлээд явж байгаа. Би сайдаар ажиллах хугацаандаа олон ажил, асуудлыг шийдэх тэмүүлэлтэйгээр ажилласан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт маш их явсан. Олон нийтийн мэдээлэлд үндэслээд прокурор миний эсрэг хэрэг үүсгэсэн. “Нүүрсний хулгай” гэдэг хэрэгт би ямар ч холбогдолгүй. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг зүйл заалтаар надад хэрэг үүсгэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ийм хэрэгт намайг холбогдуулж байгааг би ямар ч баримт нотолгоогүй гэж үзэж байгаа. Энэ бол зохиомол хэрэг. Урьд өмнө би зохиомол хэрэг гэж сонсож байснаас биш өөрөө үзээгүй. Тиймээс шат шатанд гомдол гаргаад явж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн олон ажлыг дэмжиж байсанд та бүхэндээ талархал илэрхийлье гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тогтдогийг та бүхэн мэднэ. Үүний дотор нүүрс, зэс гэсэн бүтээгдэхүүн жин дардаг. Энэ онцгой бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, экспортыг атгасан нүүрсний, зэсийн гэсэн бүлэглэлүүд үүссэн байна. Маш их хэмжээний далд эдийн засаг одоо ч оршсоор байна. Энэ бүхнийг цэгцэлнэ. Хөгжлийн банкны асуудлаас эхлээд олон хэрэг ил тод болж байна. Удахгүй нүүрс, зэсийн асуудлаар бас сонсгол зохион байгуулна. Цаашдаа эдийн засаг төрөлжиж хөгжих нь мэдээж. Гэхдээ ойрын 10-20 жил нүүрс, зэсийн асуудал ил тод байхгүй бол болохгүй хэмээн хариуллаа. 

Ийнхүү Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонссоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


УИХ: Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй